Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн зардлын дэлгэрэнгүй тайлан одоог хүртэл олон нийтэд ил болоогүй байна 

ikon.mn
2021 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс 2021 онд, цар тахлын хүнд нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгуулж, зургаан жилийн хугацаанд төр түших анхны хүнээ сонгосон. Энэ нь бүс нутгийн хэмжээнд сайн туршлага болсон ч иргэдийн мэдэх эрхийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуультай харьцуулахад  нэг шат ухарсан хэрэг байв. 

2020 оны УИХ-ын сонгуулийн эрх зүйн орчинд өмнө жилүүдийнхээс дээрдсэн нэг зүйл нь нэр дэвшигчдийн зардлын явцын тайлантай танилцах боломжийг хуульд тусгаж өгсөн юм. Тодруулбал, 

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиар  

  • 58.4.Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
  • 58.5.Төрийн аудитын дээд байгууллага энэ хуулийн 58.2-т заасан бүрэн эрхийн дагуу мэдээлэл, баримт шаардсан тохиолдолд холбогдох иргэн, хуулийн этгээд мэдээлэл, баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХ АЛХАМ АЛХМААР УХАРСААР...

Сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланг санал авах өдрөөс өмнө ийнхүү ил болгох эрх зүйн орчин бүрдсэнээр сонгогчид сонгуульд нэр дэвшигчдийн гарааны тэгш бус байдлыг харьцуулж харах боломжтой болсон ба энэ нь сонголт хийхэд нөлөөлөхүйц нэг хүчин зүйл болсон юм.

Мөн сонгуульд зарцуулж буй зардал болон түүний эх үүсвэрээс тухайн нэр дэвшигчийн ашиг сонирхол, холбоо хамаарлыг дүгнэж, харьцуулж харах боломжийг хуулиар олгосон хэдий ч манай улсын шударга сонгуулийг зохион байгуулж, түүнийхээ үйл явц, үр дүнг ил тод мэдээлэх үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд зардлын явцын гэлтгүй эцсийн тайланг ч ил болгохдоо хойрго хандаж ирсэн.

Ил болгосон ч тэрхүү тайланд дүгнэлт хийж, санхүүжилтийнх нь эх үүсвэрийг хянах боломжоор иргэдийг хангаагүй тул сонгуулийн санхүүжилтийн хяналт хийж ажилладаг төрийн бус байгууллагаас хүсэлт гаргаж байж ил болгож байв. 

Тэгвэл 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ хойрго байдал дахин давтагдав. Түүний зэрэгцээ 2020 оны УИХ-ын сонгуулиар бий болсон нэр дэвшигчдийн зардлын явцын тайлантай танилцах эрх зүйн орчин бүдгэрч иргэд, сонгогчид нэр дэвшигчдийн зардлын эцсийн тайлантай сонгох үйл явц өнгөрч, сонголтоо хийснийхээ дараа танилцах боломжтой болсон юм.

Ийнхүү 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын явцын тайланг олон нийтэд ил болгох хуулийн нөхцөл үүсээгүй нь нийтлэлийн эхэнд дурдсанчлан иргэдийн мэдэх эрх нэг алхам ухарсны тод илрэл.

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын тайланг явцад нь тайлагнах хуулийн зохицуулалт байхгүйн дээр одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд заасан сонгуулийн зардлын дэлгэрэнгүй тайлантай бүрэн цогцоор нь иргэд танилцах боломжгүй байгаа нь бас нэг асуудал юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн “Сонгуулийн зардал” гэдэгт дараах зүйлсийг багтаах талаар заасан байдаг. Үүнд:

  • Нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн хуулийн дагуу нээсэн дансны орлого, зарлагын дэлгэрэнгүй бүрэн мэдээлэл
  • Мөнгөн ба мөнгөн бус хөрөнгийн санхүүгийн тайлан
  • Хувийн аудитын хуулийн этгээдээр хийлгэсэн дүгнэлт гэх мэдээллүүдийг хуульд заасан үзүүлэлтийн дагуу гаргасан дэлгэрэнгүйг хамааруулан ойлгоно.

Үүнээс үзвэл зардлын дэлгэрэнгүй тайлан гэдэгт дээрх бүх ойлголт хамаарах нь. 

Энэхүү дэлгэрэнгүй тайланг олон нийтэд ил болгох эрх, үүрэг бүхий байгууллага нь Үндэсний Аудитын газар. Харин өнөөдрийн байдлаар тус байгууллагын ил тод мэдээлсэн нийцлийн тайланд зөвхөн дараах мэдээллүүд л багтаж байгаа юм.

  • Нэр дэвшигчдийн нийт орлогын хэмжээ, (санхүүжилтийн төрлөөр ангилсан)
  • Нэр дэвшигчдийн зардлын хэмжээ, (зардлын утгаар ангилсан)
  • 1 сая төгрөгөөс дээш хандив өгсөн иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл, хандивын дүн
 
Эх сурвалж: ҮАГ
 
Эх сурвалж: ҮАГ

Дээрх хоёр зураг нь ҮАГ-аас 2021 оны есдүгээр сарын 22-нд ил болгосон Нийцлийн аудитын тайлан. Энэ мэдээллийг хараад иргэд нэр дэвшигчдийн санхүүжилтийн эх үүсвэрийг хянах боломж бүрдэж байна уу? Үүнийг үнэн гэдгийг яаж нотлох вэ? Энэ зүгээр л хэн нэгний санаанаасаа зохиогоод бөглөсөн хүснэгт ч юм билүү? Энэ мэт хардах эрх бидэнд бий. Учир нь дээрх мэдээллийг нотлох баримтыг харах боломжгүй тул ийн хардлага үүсэж байна. 

ЗАРДЛЫН ТАЙЛАН ДҮР ЭСГЭСЭН БАЙДАЛТАЙ, ТҮҮНИЙГ НЬ ХЯНАХ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ МЕХАНИЗМ АЛГА

Энэ мэт тодорхойгүй, ойлгомжгүй байдлаас үүдэн 2017 онд залуучуудын улс төрийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд болон иргэний нийгмийн сүлжээнээс Хүний Эрхийн Үндэсний комисст гомдол гарган Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн зардлын дэлгэрэнгүй тайлантай анх удаа танилцаж байсан түүхтэй.

Тодруулбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нэр дэвшигчдийн зардлын дэлгэрэнгүй тайланд “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллага мониторинг хийх зорилгоор Үндэсний Аудитын Газраас мэдээлэл хүсэж байв. 

Энэ талаар “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын “Улс төр ба сонгууль” хөтөлбөрийн зөвлөх Ц.Мандхайхатан “Манай байгууллага сонгуулийн санхүүжилтийн эрх зүйн орчныг дээшлүүлэх зорилготой сонгуульд нэр дэвшигчдийн зардалд мониторинг хийдэг. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланд анх удаа мониторинг хийхээр ажилласан. Тухайн үед УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой харилцааг Сонгуулийн тухай хууль гэсэн нэг ерөнхий хуулиар зохицуулж байв. Энэ хуулиар нэр дэвшигчид зардлын тайлангаа Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлж, хуулбарыг нь Үндэсний Аудитын Газар руу илгээх зохицуулалттай байсан. Үндэсний Аудитын Газар тайлангийн хуулбарт дүгнэлтээ хийж ил болгосон. Харин манай байгууллагын хувьд сонгууль эрхэлсэн эдгээр байгууллагуудад ирүүлсэн санхүүгийн дэлгэрэнгүй тайлантай танилцаж, хяналт шинжилгээ хийх хүсэлтэй байгаагаа дээрх хоёр байгууллагад аль алинд нь гаргасан. Гэсэн ч СЕХ болон ҮАГ аль аль нь “Манай эрх, үүргийн асуудал биш” гэсэн хариултыг өгсөн. Иймээс бид Хүний Эрхийн Үндэсний Комисст гомдол гаргасан. Хүний Эрхийн Үндэсний Комиссоос бидний гомдлыг “Үндэслэлтэй” гэж үзэж, “Нэр дэвшигчдийн зардлын дэлгэрэнгүй тайланг ил болгох эрх үүрэг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд бий” гэсэн хариу өгсөн юм. 

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд шинэчлэн баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар сонгуульд нэр дэвшигчид нь зардлын дэлгэрэнгүй тайлангийн эх хувийг Үндэсний Аудитын Газарт хүргүүлэх зохицуулалт бий болсон. Гэтэл 2017 онд гаргаж байсан төрийн хүнд суртал одоо хүртэл давтагдлаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ҮАГ-т ирүүлсэн зардлын дэлгэрэнгүй тайлантай танилцах хүсэлт удаа дараа гаргасан боловч дараах хариуг өгсөн” гэв. 

 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн зардлын дэлгэрэнгүй тайлантай танилцахад, эдгээр тайлан нь хэлбэр төдий мэдээлсэн болоод өнгөрөх зорилготой тайлан байсан гэдгийг тэрбээр тодотгож байв. Нэр дэвшигчид зардлын тайлангаа дүр эсгэх төдий тайлагнадаг, тайлагнасны дараа  ч үүнийг хянах механизм, хариуцлагын тогтолцоо сул учраас хэн ч хариуцлага хүлээхгүй ийнхүү өнгөрсөөр  байгаа билээ. “Энэ оны хувьд ямар дэвшил гарсан, цаашид сайжруулах ямар шаардлага байгааг тодруулахын тулд нэр дэвшигчдийн зардлын дэлгэрэнгүй тайлантай танилцах зайлшгүй шаардлагатай байна” гэдгийг Ц.Мандхайхатан онцолж хэлсэн юм.

ҮАГ-ын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд заасан Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, нам, эвсэл болон бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо “ил тод, тэгш байдлыг хангах” зарчим, 

Монгол Улсын Үндсэн хуульд заасан “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй”

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан: 

  • Хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх;
  • Иргэн, хуулийн этгээд нь “... хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад дараах мэдээллийг...  авах эрхтэй” гэсэн ба 
  • Тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээлэл” гэсэн заалтуудын бүрэн хангаж чадахгүй байна.

Учир нь иргэдэд сонгуулийн санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтын дэлгэрэнгүй, дансны орлого, зарлагын мэдээлэл зэрэг нь ил тод, шилэн байж гэмээнэ жинхэнэ утгаараа хяналтын систем бий болно. Цаашлаад иргэд сонгуулийн санхүүжилт, зардлын мэдээллийг цаг тухайд нь хянадаг цахим системийг ч бий болгох боломжтой юм.

Энэ нь нэг талаас иргэдийн мэдээлэл авах эрхийг зөрчиж байгаа бол нөгөө талаар сонгогчид өөрсдөө эрхээ эдэлж, мэдээллийг шаардахгүй, эрхээ хэрэгжүүлэхгүй байгаагийн жишээ.

Иймд эрхээ эдэлж, хяналт, шаардлагаа иргэн Та тавихгүй байснаараа сонгууль зохион байгуулахад нэр дэвшигчдийн зарцуулсан зардал болон тэрхүү зардлын эх үүсвэрийн талаарх баримт мэдээлэл тодорхойгүй, шилэн мэт боловч хаалттай байх боломжийг олгож байгаа хэрэг. 

СОНГУУЛЬ ДУУСЛАА Ч САНАХ ОЙГОО “АРЧИЖ” БОЛОХГҮЙН УЧИР

Яагаад иргэд заавал энэ тухай мэдэж байх ёстой гэж? Учир нь иргэдийн оролцоо өөрөө ардчиллын амин сүнс. Сонгуулийн санхүүжилт, зарцуулалтын мэдээлэл ил тод байснаар сонгуулийн үргүй зардлыг танах, авлигыг бууруулах, тэгш бус байдлыг багасгах, мөнгөний өрсөлдөөнийг таслан зогсоох гээд нийгэмд эерэг нөлөө үзүүлэх маш олон давуу талыг бий болгох юм. 

Нөгөө талаар, иргэдийн хяналт сайжирснаар тэд сонгуулийн ач холбогдлыг илүү ойлгож, улс төрд итгэх итгэл нь нэмэгдэх, цаашлаад сонгуулийн ирц оролцоо идэвхжих замаар засаглал сайжрах чухал ач холбогдолтой.

Харамсалтай нь төр энэхүү мэдээллийг санаатай санамсаргүй байдлаар иргэдийн анхаарлын төвд оруулах сонирхолгүй, хэлэлцүүлэг өрнүүлдэггүй, нөгөө талаас иргэд ч өөрсдийн амьдралд шууд бусаар маш том нөлөө үзүүлдэг энэ мэт бодлогын асуудалд анхаарахгүй байна. 

Санал хураах үйл явц дууссан өдрөөс эхлээд л иргэдийн хянах шатны үйл ажиллагаа эхэлдэг байх ёстой. Ингэж байж бид дараагийн удаа ул суурьтай сонголт хийх боломж бүрдэх учиртай. Гэвч сонгууль дууссаны дараа иргэдийн ой санамж “арчигдаж”, бүхнийг мартаж орхидог. Харин иргэдэд хэвшээгүй улс төрийн энэ дадал нь эрх мэдэлтнүүдийн хамгийн чухал баримт мэдээллийг хуулийн дагуу мэдээлсэн болоод орхидог зуршлыг өөгшүүлсээр байгаа нь өнөөдөр ч алсдаа ч асар их уршигтай. 

Сэтгүүлч Л.Анударь, С.Энхжин - "Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо" хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв.