Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын судалгааны станц сарны сүүдэртэй талаас нууцлаг биет илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сарны сүүдэртэй талд ажиллаж байгаа Хятадын Yutu 2 робот станц тэнгэрийн хаяанд орших шоо хэлбэртэй нууцлаг биетийг илрүүлжээ.

Yutu 2 станц одоо Вон Карман нэртэй сарны тогоон дотор ажиллаж байгаа юм. Нууцлаг биетийг тус станц арваннэгдүгээр сард сарны 36 дахь ажлын хоног дээрээ илрүүлсэн байна.

Хятадын Үндэсний Сансар Судлалын Газраас хятад хэл дээр гаргадаг сэтгүүлд илэрсэн биетийг “нууцлаг овоохой” гэж нэрлэжээ.

Судлаачид одоо нууцлаг биетийн юу болохыг тодорхойлохоор яарч байгаа гэнэ. Yutu 2 станц уг биетээс 80 орчим метрийн зайд байгаа бөгөөд сарны 2-3 хоногийн (дэлхийн 2-3 сар) хугацаанд дэргэд нь хүрэх боломжтой ажээ.

Ихэнх судлаачид үүнийг сарны гадарга дээр солир, астероид унах үед үүссэн хөрсний ямар нэг бөөгнөрөл байх хэмээн таамаглаж байна.

Нарны эрчим хүчээр ажилладаг Yutu 2 станц Chang’e 4 газардагчийн хамт 2019 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр сарны сүүдэртэй талд газардсан нь хүн төрөлхтний түүхэнд анхны тохиолдол болсон юм. Робот станц тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл 186 км өргөнтэй Вон Карманы тогоон дотор ажиллаж байгаа.

Хятад улс сар руу дөрвөн удаа судалгааны станц илгээснээс хоёр удаад нь өөрөө явагч робот станцыг газардуулсан юм. Эхний хоёр станц нь сарны тойрог замд зайнаас судалгаа хийдэг байсан бол гурав дахь нь сарны нүүрэн талд робот станц газардуулж байв.

Одоо тус улс сарны гадаргаас дээж авчрах Chang’e 5 станцыг туршиж байна.

Эх сурвалж: Space.com