Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Японы цагдаа нар гадаадын иргэдэд ялгавартай хандаж байж болзошгүйг АНУ-ын элчин сайдын яам анхааруулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Токио дахь АНУ-ын элчин сайдын яамнаас иргэддээ хандаж анхааруулга гаргасан нь холбоотон улсуудын хувьд ховор үзэгдэл байлаа.

Уг анхааруулгад өгүүлснээр сүүлийн үед гадаадын иргэдийг Японы цагдаа нар саатуулсан, байцаасан, эрэн сурвалжилсан хэд хэдэн тохиолдол гарсан бөгөөд гадаадын иргэдэд ялгавартай хандаж байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаагаа илэрхийлжээ.

Тиймээс Япон дахь АНУ-ын иргэдэд гадуур зорчихдоо бичиг баримтаа авч явах, хэрвээ саатуулагдвал консулын газарт мэдэгдэхийг зөвлөсөн байна.

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд Япон улс саяхан гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй болсон юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн хэвлэлийн явуулсан санал асуулгаар хилийн хоригийг иргэдийн бараг 90 хувь нь дэмжжээ.

АНУ-ын элчин сайдын яамны анхааруулгатай холбоотойгоор Япон улсын засгийн газар одоогоор ямар нэг тайлбар өгөөгүй байна.

Энэ оны зургаадугаар сарын байдлаар Японд оршин суудаг гадаадын иргэдийн тоо жилийн өмнөх үетэй харьцуулахад 2 хувиар буурч, 2.8 саяд хүрснийг албаны тоо баримт харуулж байгаа.

АНУ-ын иргэд үүний 2 хүрэхгүй хувийг (54,000 орчим) бүрдүүлдэг байна.

 

Эх сурвалж: Reuters