Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын засаг захиргаа Бээжин 2022 өвлийн олимпын наадмын эсрэг дипломат хориг зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ирэх оны эхээр Хятад улсад зохион байгуулагдах Бээжин 2022 өвлийн олимпын наадмын эсрэг дипломат хориг тавьж байгаагаа Цагаан ордон өчигдөр зарлажээ.

Ингэснээр АНУ тус наадамд албаны төлөөлөгчдөө илгээхгүй, зөвхөн тамирчдаа оролцуулах юм.

Хятад улсын хүний эрхийн нөхцөл байдал ийм арга хэмжээ авахад хүргэж байгааг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки өчигдөр мэдэгдсэн байна.

“Уг наадамд АНУ дипломат болон албаны төлөөлөгчдөө илгээх нь Шинжаанд хүний эрхийг ноцтой зөрчиж буй БНХАУ-ын бодлого, үйл ажиллагааг дэмжсэн хэрэг болно” гэж Псаки тайлбарлажээ.

АНУ өмнө нь 1980 оны Москвагийн зуны олимпын наадмыг эсрэг бүрэн хориг зарлаж, тамирчдаа ч оролцуулаагүй юм. Өмнөх жил нь Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ) цэргээ Афганистанд оруулсан тул ийм арга хэмжээ авч байжээ.

Хариуд нь ЗХУ болон түүний холбоотнууд 1984 оны Лос-Анжелесын зуны олимпын наадамд оролцоогүй юм.

АНУ-ын засаг захиргаа энэ наадамд оролцохын тулд эртнээс бэлдсэн тамирчдаа хохироохгүй байхаар шийдсэнийг Жен Псаки бас мэдэгджээ.

2028 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах эрхийг АНУ-ын Лос-Анжелес хот аваад байгаа. Бээжингийн наадмын эсрэг дипломат хориг тавих Цагаан ордны шийдвэрийг АНУ-ын гол хоёр намын улстөрчид талархан хүлээж авсан байна.

Харин Хятадын засгийн газар хэрвээ Бээжин 2022 наадмыг АНУ бойкотолбол эрс шийдэмгий хариу арга хэмжээ авахаа өмнө нь мэдэгдэж байв. Цагаан ордны шийдвэрийг Вашингтон дахь Хятадын элчин сайдын яам “Олимпизмын үзэл санааг мушгин гуйвуулсан харамсалтай хэрэг” гэж нэрлэжээ.

“Бээжин 2022 өвлийн олимпын наадам амжилттай зохион байгуулагдахад эдгээр хүмүүсийн оролцох эсэх нь нөлөөлөхгүй” гэж элчин сайдын яамны төлөөлөгч Лю Пэньюү мэдэгдсэн байна.

Аль ч олимпын наадамд дэлхийн улс орнууд засгийн газрын төлөөлөгчдөө илгээдэг уламжлалтай. Энэ зун болж өнгөрсөн Токио 2020 зуны олимпын наадамд тэргүүн хатагтай Жилл Байден тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид оролцож байв.


Эх сурвалж: BBC