Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

30 хороо нэмэхэд ₮13 тэрбум төсөвлөсөн нь дараагийн сонгуулийн бэлтгэл Vs. Эдийн засаг, эрх зүйн маш том дэмжлэгтэй төсөв болсон

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн Баасан гарагт болсон НИТХ-ын XI хуралдаанаар Нийслэлийн 2022 оны төсвийг хэлэлцэн баталсан.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж 2022 оны улсын төсөвт анх удаа 420 тэрбум төгрөг тусгаад байгаа бөгөөд ААН-ын орлогын албан татварын орлогын 40 хувь нь мөн анх удаа нийслэлийн төсөвт төвлөрөхөөр болоод буй.

Иймд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн заримаас төсөвтэй холбоотой байр суурийг нь тодрууллаа.

"Ирэх жилийн нийслэлийн төсөв эдийн засгийн болон эрх зүйн маш том дэмжлэгтэй болсон"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотын иргэд ажилтай орлоготой байж төсөв өндөр байна. Тиймээс иргэдээ орлоготой байлгах нь нийслэлийн гол чиглэл.

Ирэх жил нийслэлийн төсөвт 1.6 их наяд төгрөгийг орлогыг төвлөрүүлэхээр зорьж байгаа. Энэ нь өмнөх онуудыг бодоход өссөн сайн дүнтэй хэдий ч Улаанбаатар хотын асуудлыг бүрэн шийдэхэд хэцүү. Учир нь төсөвт түшиж хот хөгжинө гэсэн ойлголт байхгүй. Бид гадаад дотоодын хөрөнгө оруулагч, ажлын байр, үйлдвэр үйлчилгээг нэмж байж тулгамдсан асуудлуудаа шийднэ.

Тухайлбал, замын түгжрэлийг бууруулах асуудалд хувийн хэвшлийг оролцуулах хэрэгтэй. Ирэх онд хэрэгжих төслүүдийн тухайд, олон асуудлыг шийдэхэд эдийн засгийн хувьд өөрөө өөрийгөө нөхөх бололцоотой гэж бодож байна.

Мөн ирэх онд 1.6 их наяд төгрөгийн орлогыг олоход бид урсгал зардлаа хэмнэх нь чухал. Ер нь жил бүр нийслэл тэвчиж болох зардлуудыг аль болох бууруулах бодлого барьдаг. Харамсалтай нь хүн амын тоо тасралтгүй өсөж байна. Хүн амын өсөлтөө дагаад эдийн засаг өсөж, зардал ихсэж байна.

Засгийн газрын бодлогын хүрээнд бид цахим шилжилтэд анхаарч, төрийн үйлчилгээг иргэд өөрийн биеэр зайлшгүй харилцах шаардлагатай харилцаанаас бусад бүх үйлчилгээг байгаа газраасаа цахимаар авах боломжийг нээж буй. Иймд 2022 оноос Засгийн газрын бодлогын хүрээнд цахим шилжилт явагдана. 

Одоохондоо төрийн үйлчилгээ цахимд бүрэн шилжээгүй учраас зарим газрыг татан буулгах, орон тоог нь танах асуудал бүрэн шийдэгдээгүй, шилжилт явагдаж байна. Цахим шилжилт нь эдийн засагт маш том эерэг нөлөө үзүүлнэ. Бид жил ирэх тусам тэвчиж болох зардлыг хасаж, хэмнэх чиглэл рүү явна.

Эцэст нь дүгнэхэд, ирэх жилийн төсөв эдийн засгийн болон эрх зүйн маш том дэмжлэгтэй төсөв болсон. Тухайлбал, 420 тэрбумаар бид нийтийн тээвэр, замын түгжрэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх маш олон зохицуулалтыг УИХ, Засгийн газар шийдвэрлэж өгсөн. Одоо бид ажлаа л хийх ёстой" гэв.

"Чиг үүргийн давхардалтай НӨҮГ-уудаа цөөлөхийн оронд эсрэгээрээ хоёрыг нэмлээ. Төр улам данхайж байна"
 
Гэрэл зургийг Mpa.mn

НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг “Нийслэлийн 2022 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дууслаа. МАН олонхоороо хүч түрэн маш муу төсөв баталлаа. Уг нь бид энэ төсвийг Улаанбаатар хотын асуудлыг зөв тодорхойлж, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хангаж, иргэдэд зориулан батлах ёстой гэсэн байр суурь илэрхийлэн зарчмын маш олон санал гаргасан. Харамсалтай нь саналыг маань хүлээж авсангүй.

Тухайлбал, Засгийн газрын бодлогоор Цахим яам байгуулан ирэх оны төсөв дээр 42 тэрбум төгрөг суулгаж, төрийн үйлчилгээг цахимжуулна, хүнд сурталгүй болгоно гээд явж байхад нийслэл ирэх онд 30 хороо нэмж хуваахад 13 тэрбум төгрөгийг ямар ч үр ашиггүй зарцуулахаар төсөвт суулгалаа.

Түүнээс гадна, Нийслэлийн төсөв дээр нийслэлийн харьяа маш олон газар агентлагуудын төсөв хамт багтаж байдаг. Тэд бүгд алдагдалтай ажиллахын зэрэгцээ үр ашиггүй, чиг үүргийн давхардалтай. Тиймээс үүний эсрэг нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудаа цөөлөх санал гаргасан. Харамсалтай нь эсрэгээрээ бүр хоёрыг нэмлээ. Төр улам данхайж, цахим биш бахим болж байна.

Төрийг ингэж томруулахын оронд бид хувийн хэвшлүүдээ дэмжих ёстой байсан” гэв.

"13 тэрбум төгрөгийг 30 хороо нэмэхэд зориулж байгаа нь дараагийн сонгуулийнх нь бэлтгэл"
 
Гэрэл зургийг Mpa.mn

НИТХ төлөөлөгч Д.Гантулга “Улаанбаатар хотын гэр хороололд дэд бүтэц ярихгүйгээр ямар ч хөгжил ярих аргагүй. Уг нь Засгийн газраас нийслэлийг замын түгжрэлээ бууруулахад зориулж 420 тэрбум төгрөгийг нийслэлийн тавьж өгсөн. Үүнийг үнэндээ гэр хороололд дэд бүтэц бий болгоход зарцуулах нь зөв байсан.

Учир нь гэр хороололд олигтой дэд бүтэц байхгүй, сургууль, цэцэрлэг дутмаг, ажлын байр байхгүй байхад иргэд нь бүгд хотын төв рүүгээ л ирнэ. Ийм нөхцөлд түгжрэл байсаар байх болно.

Түүнээс гадна, хот орчмын ногоон байгууламжид ирэх онд 64 тэрбум төгрөг зарцуулна гэж долоо хоногийн өмнө болсон анхны хэлэлцүүлэг дээр орж ирсэн. Үүнийг сүүлчийн хэлэлцүүлэг дээр тэр чигт хассан байсныг ойлгоогүй. Одоо төсөвт ногоон байгууламж гэж байхгүй зөвхөн тохижилт л байгаа. Тохижилт гэж нийслэл ямар юм хийдгийг бүгд мэднэ. Ногоон байгууламжид зарцуулах хөрөнгийг сүүлийн хэлэлцүүлэг дээрээ авч хаячхаад ногоон хот, эко хот гэж ярих боломжгүй.

Түүнчлэн тэд хороодыг хувааж 30 хороо нэмж байгуулахад 13 тэрбум төгрөг баталлаа. Хороог хувааж, сонгогчдоо жижиг жижгээр хувааж авах нь дараагийн сонгуульд нь хэрэгтэй гэсэн өнцгөөс ингэсэн гэж бодож байна. Хороо хуваана гэдэг Засгийн газрын яриад байгаа цахимжуулах бодлогын эсрэг зүйл” хэмээн ярив.

"Нийслэлийн 2022 оны төсвийг маш олон хэрэггүй газруудад хуваарилсан"
 
Гэрэл зургийг Mpa.mn

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Ирэх онд ААН-ын орлогын албан татварын орлогын 40 хувь нь нийслэлийн төсөвт төвлөрөхөөр болж байгаа нь зөв өөрчлөлт.

Өмнө нь бизнес эрхлэгч, ААН-үүдийн татварын орлого өмнө Сангийн яамд төвлөрч шууд улсын төсөвт төвлөрч байсан нь орон нутаг, нийслэл ААН-ээ бодитоор дэмжих хөшүүрэггүй болгосон байсан. Харин одоо боломж нээгдсэн. Татварын тогтолцоонд өөрчлөлт орж, энэ удаагийн төсвөөр хэрэгжиж эхэлж байгаа нь ийнхүү сайшаалтай хэрэг.

Бизнес, ААН-ийн орлогын албан татвар ийнхүү аймаг, нийслэл рүү ирэхээр татварын орлогоо нэмэгдүүлэхийн тулд нийслэл бизнесээ дэмжиж, нэмэгдүүлэх ёстой гэсэн бодолтой байна.

Мөн олон улсын туршлагаар түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийг сайжруулдаг. Хэчнээн зам, гүүр бариад нийтийн тээвэр нь хүрэлцээгүй, хүйтэн тохьгүй, цагийн хуваарийн дагуу явдаггүй бол иргэд суухгүй буюу түгжрэл хэзээ ч шийдэгдэхгүй. Гэсэн ч 420 тэрбумыг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын шинж чанартай зүйлд зарцуулахаар баталсанд шүүмжлэлтэй хандаж байгаа.

Түүнээс гадна нийслэл нийтдээ 900 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын шинж чанартай ажлуудыг хийхээр төлөвлөж буй. Гэвч зам гүүрний маш их бүтээн байгуулалт хийхээр замын компани, инженерүүд нь хүрэх үү гэдэг асуудал яригдана. Үүнд анхаарах талаар би төсөв хэлэлцэж байх үеэр анхааруулж байв. Учир нь сүүлийн хоёр жил цар тахлын хязгаарлалтаас болж маш чанаргүй инженерүүд гарч ирж буй. Мөн хөдөлмөрийн зах зээлд цахилгаанчин, гагнуурчин зэрэг нарийн мэргэжилтэн хоёр жил огт бэлтгэгдээгүй нь асуудал.

Өөрөөр хэлбэл, нийслэл баахан хөрөнгө тавьж, бүтээн байгуулалтын ажил эхлүүлчхээд дараа нь ажиллах хүн олдохгүй эсвэл хийц нь чанар муутай Дарханы зам шиг болох вий гэж санаа зовниж байгаагаа хэлье.

Нийслэлийн 2022 оны төсвийг ерөнхийд нь харвал, маш олон хэрэггүй газруудад төсөв хуваарилсан. Тухайлбал, Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа гэх мэтээр жижиг нэгжүүдэд 200-300 сая төгрөгийг тус бүр төсөвлөчихсөн. Бүгдийг нь нийлүүлээд тооцвол 2-3 тэрбум төгрөгийг үр ашиггүй нийслэлийн харьяа жижиг нэгж, үйлдвэр технологийн паркууд төсөл хэрэгжүүлэгчид гээд жижиг байгууллагуудад тавьж байна.Жил бүр л энэ мэт газруудад хэдэн зуун саяыг төсөвлөдөг ч олигтой үр дүн байдаггүй.

 Энэ мэтээр ирэх оны төсөв ийнхүү данхайсан ч үр дүн багатай харагдаж байна. Уг нь цар тахлын хүндрэлийн дараа ААН-үүдээ дэмжсэн төсвийг илүү тавих ёстой байсан" гэв.

"Төсөв хэлэлцэх чухал үед гял цал болсон арга хэмжээ зохион байгуулсанд шүүмжлэлтэй хандаж байгаа"

Мөн тэрбээр "Нийслэлийн төсөв хэлэлцэхэд хамгийн чухал хороо бол Эдийн засаг, төсвийн хороо. Гэтэл төсвийн хорооны хуралтай үед Нийслэл хотын хөгжлийн чиг хандлага нэртэй арга хэмжээг давхцуулж зохион байгуулсан. Үүний улмаас Эдийн засаг, төсвийн хороо саналаа бичгээр өгчих гээд яаруу сандруу хурлаа хаасан. Төсөв хэлэлцэж байгаа чухал үед гял цал болсон арга хэмжээ зохион байгуулсанд шүүмжлэлтэй хандаж байгаа” гэв.

"Ирэх онд ₮11 тэрбумаар ТЭЗҮ хийнэ. Түгжрэлийг бууруулахад ганган хиймэл оюун ухаан хэрэггүй байсан"

Мөн тэрбээр “11 тэрбум төгрөгөөр түгжрэлийг бууруулах судалгаа, ТЭЗҮ хийнэ гэцгээж байна. Гэвч үнэндээ түгжрэлийг бууруулахад ганган хиймэл оюун ухаан хэрэггүй. Агаараар ч биш, газраар буюу зүгээр л явган хүний зам, дугуйн замаа стандартын дагуу тавиад, нийтийн тээврээ сайжруулахад л хангалттай байсан” гэдгийг онцлов.

"Ирэх оны төсөв иргэнээ торгосон, гэр хорооллыг адалсан төсөв боллоо"
 
Гэрэл зургийг Mpa.mn

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “Ирэх оны нийслэлийн төсөв төрийг данхайлгасан болон иргэдийг гамшгийн аюулд аваачсан төсөв болж батлагдлаа. Туул голын дагуух эвдэрсэн үерийн даланг засварлах тухай нэг тэрбум төгрөгийг тусгаж өгөх саналыг эх үүсвэртэй нь тодорхой оруулсан ч явсангүй.

Гол үерлэх эрсдэл байсаар байгаа. Аливаа байгалийн гамшигт бэлтгэлтэй байх ёстой.

Түүнчлэн энэ төсвийг би гэр хорооллыг адалсан төсөв боллоо гэж бодож байна. Гэр хороолол руу чиглэсэн төсөв нийт төсвийн ердөө 2 хувь байгаа юм. Гэтэл хүн амын 50 хувь, байгаль орчин, хөрс, ус агаарын бохирдол гээд бүх асуудал тэнд байгаа. Тэдгээрийг бүрэн утгаар нь шийдэхийн тулд гэр хороололд инженерийн дэд бүтцийг татах ёстой. Гэвч огт цөөнхийг саналыг сонссонгүй.

Мөн ирэх оны төсөв иргэнээ торгосон төсөв боллоо. 83 тэрбум төгрөгийг мэргэжлийн хяналт болоод бусад байгууллага торгуулиас нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх үүргийг хүлээлгэж байна. Энэ нь нэг ёсондоо иргэдийг торгож байж төсвийн орлогыг бүрдүүлэх хачин төсөв хийлээ.

Тиймээс би энэ төсвийг бүхэлд нь эсэргүүцэж эсрэг санал өгсөн” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.