Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Канцлер Ангела Меркель сүүлчийн видео мэдэгдэлдээ вакцинжуулалтад хамрагдахыг германчуудад уриалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Германы канцлер Ангела Меркель долоо хоног бүр ард түмэндээ хандаж видео мэдэгдэл онлайн сүлжээнд цацдаг уламжлалтай. Тэрбээр 16 жилийн засаглалынхаа хугацаанд 600 гаруй удаа ийм мэдэгдэл гаргасан бөгөөд өчигдөр сүүлчийнхийг нь дамжуулжээ.

Меркелийн халааг ирэх долоо хоногт Социал Демократ намын шинэ канцлер Олаф Шольц авах юм. Сүүлчийн видео мэдэгдэлдээ вакцинжуулалтад хамрагдахыг Меркель бүх германчуудад уриалжээ.

“Энэхүү аюултай вируст нухацтай хандахыг би дахин та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна. Шинэ Омикрон хувилбар өмнөх бүх хувилбаруудаас илүү халдварлах чадвартай нь тогтоогдсон. Анхны тун, нэмэлт тун байсан ч ялгаагүй, бүгдээрээ вакцинжуулалтад хамрагдаарай. Вакцины ач тус их” гэж Меркель хэлсэн байна.

Тэрбээр цар тахлын хүнд хэцүү үед нөхцөл байдлыг ойлгож, дүрэм журмыг сахиж байгаа ухамсартай хүн бүрд талархал илэрхийлсэн юм.

“Та нар бол манай улсын хүн амын дийлэнх хэсэг. Иргэний үүрэг хариуцлагыг үлгэрлэдэг та бүхний тусламж дэмжлэггүйгээр ямар ч канцлер, ямар ч засгийн газар ажилтанд хүрэхгүй билээ” гэж Меркель хэлжээ.

Шинэ канцлер Шольцийн хийх эхний ажил нь ирэх оны хоёрдугаар сараас эхлэн вакцинжуулалтыг албадлагын чанартай болгох хуулийн төслийг парламентаар батлуулах юм.

Өмнө нь энэ асуудалд улс төрийн хүчнүүд янз бүрийн байр сууринаас ханддаг байсан бол одоо олонхын дэмжлэг авах нь бараг тодорхой болоод байна.

Энэ долоо хоногт Германы засгийн газар вакцинжуулалтад хамрагдаагүй хүн амыг нийгмийн амьдралаас тусгаарлах шийдвэр гаргасан юм.

Сүүлийн байдлаар тус улсын хүн амын 68.9 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан нь засгийн газрын төлөвлөгөө болох 75 хувьд хүрэхгүй байна.

Бямба гарагт Герман даяар халдварын 64,510 тохиолдол шинээр нэмэгдэж, 378 хүн нас барсан юм. Цар тахал эхэлсэн цагаас хойш нийт эндсэн хүний тоо 102,946 хүрсэн байна.

Ангела Меркель анхны видео мэдэгдлээ 2006 онд цацаж байжээ. “Тухайн үед засгийн газрын тэргүүн онлайн сүлжээгээр ард түмэндээ ингэж шууд хандах нь ховор үзэгдэл байлаа. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулах нь тэр үед миний гол зорилго байв” гэж Меркель дурссан байна. Өнгөрсөн хугацаанд тэр анти семитизм, дүрвэгсэд, дижиталчлал зэрэг олон асуудлаар ард түмэндээ хандаж байсан бол сүүлийн хоёр жил голдуу цар тахлын сэдвийг хөндөж байжээ.

 

Эх сурвалж: AFP