Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистанд бурхныг доромжилсон шалтгаанаар гадаадын иргэний амийг хөнөөсөн хэрэг гарч, 120 хүнийг баривчилжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Пакистан улсын Пунжаб мужийн Сиалкот хотод олон зуун хүн үйлдвэрийн менежэр, Шри Ланка улсын иргэнийг зодож амийг нь бүрэлгээд цогцсыг нь шатаасан хэрэг гарсан юм.

Хохирогч исламын шашны зурагт хуудсыг урж, хогийн саванд хийсэн тухай цуурхал тарснаас ийм хэрэг гарчээ.

Үнэн хэрэгтээ үйлдвэрийн ажилтнууд хатуу шаардлагатай менежэрээс өшөөгөө авахын тулд зориуд ийм цуурхал тараасан байж болзошгүй гэж мөрдөн байцаагчид дүгнэсэн байна.

Зарим нь бороохойгоор зэвсэглэсэн нийтдээ 800-900 орчим хүн үйлдвэр дээр цугларч, менежэрийг шүүх хууль бус ажиллагаанд оролцсоныг Пунжаб мужийн захиргаа мэдээлжээ.

Бямба гарагт тэдгээрээс 120 хүнийг баривчилсан тухай орон нутгийн цагдаагийн албаны төлөөлөгч Хуррам Шехзад мэдээлсэн байна.

Ерөнхий сайд Имран Хан хэрэг гарсан өдрийг “Пакистаныг шившиглэсэн өдөр” гэж нэрлээд гүн харамсал илэрхийлжээ.

Сүүлд гарсан аллагад оролцсон олон хүн хохирогчийн шатаж буй цогцсын хажууд сэлфи хийж, сошиал сүлжээнд тараасан нь сэжигтнүүдийг илрүүлж, баривчлахад тус болжээ.

Хохирогчийн цогцост шүүх эмнэлгийн шалгалт хийж дуусаад Исламабад дахь Шри Ланка улсын  элчин сайдын яаманд хүлээлгэж өгөхөөр болсныг Пунжаб мужийн засаг захиргааны төлөөлөгч Хасаан Хаваар мэдэгдсэн байна.

Болсон явдалтай холбогдуулан Пакистаны бараг бүх улс төрийн нам харамсал илэрхийлжээ.

Бямба гарагт Шри Ланка улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар аллагын тухай сонсоод цочирдсоноо илэрхийлж, буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцохыг Пакистаны талаас хүссэн байна.

Исламын шашны нөлөө хүчтэй Пакистан улсад бурхныг доромжилсон гэх хэрэг байнга гардаг бөгөөд буруутгагдсан хүмүүс нь ихэнхдээ Линчийн шүүхээр буюу хуулиас гадуур шийтгэгддэг байна.

2017 оны дөрөвдүгээр сард бурхныг буруутгасан агуулгатай контент онлайн орчинд нийтэлсэн оюутан Машал Хан сүсэгтнүүдийн гарт амиа алдаж байжээ.

2014 онд Коран судрыг доромжилсон хэрэгт зохиомлоор гүтгэгдсэн загалмайн шашинтай хосын амийг иргэд хөнөөж, цогцсуудыг нь зууханд шатаасан хэрэг гарч байв.

 

Эх сурвалж: AFP