Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Омикрон хувилбартай холбоотой эндэгдэл одоогоор бүртгэгдээгүй байгааг ДЭМБ мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад (ӨАБНУ) анх илэрсэн коронавирусийн Омикрон хувилбар өнөөдрийн байдлаар дэлхийн 38 улсад тархаад байна.

Хамгийн сүүлд АНУ, Австрали улсуудад дотоодод дамжсан халдварын тохиолдлууд анх удаа бүртгэгджээ. ӨАБНУ-д сүүлийн хагас сарын хугацаанд коронавирусийн өвчлөл огцом нэмэгдэж, халдварын нийт тохиолдол 3 саяыг давсан нь Омикрон хувилбарын тархалттай холбоотой гэж үзэж байна.

Баасан гарагт болсон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) долоо хоног тутмын хурлын үеэр Омикронтой холбоотой эндэгдэл одоогоор дэлхийн аль ч улсад бүртгэгдээгүй байгааг тус байгууллагын төлөөлөгч мэдээлжээ.

Гэхдээ шинэ хувилбарын хор хөнөөлийг тодорхой болгоход хугацаа шаардлагатай байгааг анхааруулсан байна.

“Хүн бүрийн сонсохыг хүсэж байгаа асуултуудын хариуг бид удахгүй мэдэх болно” гэж ДЭМБ-ын шуурхай тусламж хариуцсан захирал Майкл Райан хэлжээ.

Омикрон хувилбарын тархах чадвар өмнөх хувилбаруудынхаас өндөр байгаа нь одоогоор мэдэгдэж байгаа ганц баримт юм. Ойрын саруудад Европ тивд бүртгэгдэх халдварын тохиолдлуудын талаас илүү хувь нь Омикрон хувилбар болох өндөр магадлалтайг ДЭМБ анхааруулжээ.

Мөн шинэ хувилбарын тархалт цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг удаашруулах хор хөнөөлтэйг Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) тэргүүн Кристалина Георгиева өнгөрсөн Баасан гарагт мэдэгдсэн байна.

“Шинэ хувилбар гарахаас ч өмнө эдийн засгийн сэргэлт удаашрах айдас биднийг түгшээж байсан. Тэгвэл одоо энэ айдас улам бодитой болж байна” гэж тэр хэлсэн юм.

Омикрон хувилбар гарсан нь вакцинжуулалтын явц дэлхий дахинд тэгш бус байгаагийн илэрхийлэл болохыг Дэлхийн Улаан Загалмайн Нийгэмлэгийн тэргүүн Франческо Рокка хэлж байна.

“Вакцинжуулалтын явц удаан байгаа бүс нутгуудад вирусийн шинэ хувилбар үүсэх өндөр эрсдэлтэйг шинжлэх ухааны салбарынхан өмнө нь олон удаа анхааруулж байсан. Дэлхий нийт хоорондоо ямар гүнзгий хамааралтай болсныг бид ойлгохгүй байгаа нь харамсалтай. Үүний тодорхой баталгаа бол Омикрон хувилбар юм” гэж тэр хэлжээ.

Баасан гарагт АНУ-ын зургаан мужид Омикрон хувилбараар халдварласан тохиолдлууд нэмж илэрсэн байна. Тэдгээрээс хоёр тохиолдол сүүлийн үед гадаадад аялсан түүхгүй байгаа нь уг хувилбар хүн амын дунд нэгэнт тархсаныг харуулж байгаа юм.

Баасан гарагт Сидней хотын гурван оюутан Омикрон хувилбараар өвчилснийг тогтоосон нь Австрали улсын анхны дотоодод дамжсан халдварын тохиолдлууд болжээ.

Канад улсад Баасан гарагт Омикрон хувилбарын 15 тохиолдол илэрсэн байна. Эдгээрээс 11 нь саяхан гадаадаас ирсэн хүмүүс байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Осло хотод болсон шинэ жилийн баярт оролцсон 13 хүнээс Омикрон хувилбарын халдвар илэрснийг Норвегийн засгийн газар Баасан гарагт зарласан байна. Халдварын тохиолдлуудаас өвчний шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч байгаа ч Осло орчимд хорио цээрийн дэглэмийг чангатгах арга хэмжээ авчээ.

Баасан гарагт Өмнөд Солонгост нэг өдрийн дотор хамгийн олон хүн өвчилж, хамгийн олон хүн эндсэн байна. Тухайн өдөр 5,352 халдварын тохиолдол илэрч, 70 өвчтөн нас барсан нь цар тахлын үеийн хамгийн өндөр үзүүлэлтүүд болжээ.

Нийт 752 өвчтөний биеийн байдал хүнд байгаа нь бас урьд өмнө үзэгдээгүй өндөр тоо юм. Баасан гарагт тус улсад Омикрон хувилбарын гурван шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийтдээ ес болж байна.

Нигери улсаас арваннэгдүгээр сарын 24-нд буцаж ирсэн хос шинэ тохиолдлуудын халдвар тараагч болжээ. Өвчтөнүүдийн зарим нь арваннэгдүгээр сарын 28-нд олон зуун хүн оролцсон сүмийн цугларалтад очсон нь тогтоогдсон тул халдварын тохиолдол цаашид өсөх магадлалтайг албаныхан мэдээлсэн байна.

Баасан гарагт Малайз, Шри Ланка улсууд бас Омикрон хувилбарын анхны тохиолдлуудаа бүртгэж авчээ. Эдгээр улсуудад ӨАБНУ-аас буцаж ирсэн иргэдээс шинэ хувилбарын халдвар илэрсэн юм байна.

Европын хэд хэдэн орон Баасан гарагаас эхлэн хорио цээрийн дэглэмээ чангаруулах арга хэмжээ авчээ. Тухайлбал Бельги улс дунд сургуулиудынхаа Зул сарын баярын амралтыг долоо хоногоор урагшлуулсан байна. Герман улсын эрх баригчид Зул сарын баяраар галт наадмыг хориглох зэрэг арга хэмжээнүүдийг авахаар болсон нь олон хүн нэг дор цугларахаас сэргийлсэн хэрэг байв.

Ирланд улс шөнийн клубүүдээ хааж, Зул сар, Шинэ жилийн баяраар хорио цээрийн зарим дэглэмээ сэргээн хэрэгжүүлэхээр болжээ.

 

Эх сурвалж: Reuters, AFP