Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Хайраар дэлхийг гэрэлтүүлцгээе” олон улсын аян Монголд

A.Жаргал
2021 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

“Хайраар Дэлхийг Гэрэлтүүлцгээе” аян нь дэлхийн 200 гаруй улсад жил бүрийн 12-р сард явагддаг бие биедээ хайр энэрэл нигүүлсэл, урам зориг, баяр хөөрөө хуваалцдаг, сайн үйлсийг түгэн дэлгэрүүлдэг аян юм.

Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн өдрийг тохиолдуулан асаргаа сувилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Жаргалан Эдлэн ТББ-ын асрамжийн газарт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 18-30 насны гишүүн залуучууд зочилж ойгоос мод бэлтгэх, хөрөөдөх, түлээ хагалах, ус зөөх, гэр орон цэмцийлгэх, дээл хувцас угаах, малын хашаа хороо цэвэрлэх, хонь услах зэрэг биет үйлчлэлийн ажлуудыг бүтэн нэг өдрийн турш хийж тусалсан байна. Мөн тус асрамжийн газрын хүн нэг бүрд дулаан хөнжил, хувцас бэлэглэхээс гадна угаалгын машин, хоол хүнсний материалуудыг хандивласан байна.

Тус ТББ-ыг үүсгэн байгуулагч малчин гэр бүл болох Д.Тогтохбаяр, С.Цэгмид нар нь гудамжинд хаягдсан, орхигдсон, ар гэр нь хайхрахаа байсан, харвасан, саажилттай гэх янз бүрийн бэрхшээлтэй хүмүүсийг гэртээ авчирч сайхан сэтгэлээр асарч тойлж хөл дээр нь босгосоор эдүгээ 3 жилийн гаруй болжээ. Хэвтрийн, суугаа, байнгын асаргаанд байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань тус төвд ирснээр бие даах чадварууд нь бага багаар сайжирчээ. Д.Тогтохбаяр, С.Цэгмид нар шиг ийм л сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар энэ ДЭЛХИЙ ХАЙРААР ГЭРЭЛТЭЖ байдаг билээ. ЕХХҮГСүмийн шижигнэсэн залуучуудын тусламжтайгаар хүн хүч дутагдалтай байдаг хүндэвтэр ажлуудаа нугалж, өвлийн бэлтгэлээ базааж авсандаа тус асрамжийн газрын хамт олон баяр хөөртэй байна.

Хайраар Дэлхийг Гэрэлтүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, бусдын хэрэгцээг ойлгож, хайрлах энэрэх сэтгэлийг хөгжүүлж байгаа ЕХХҮГСүмийн гишүүн залуучууддаа гүн талархал илэрхийлье. Та бүхэн ч гэсэн хайр энэрэл, нигүүлсэл, сайн үйлс түгээх аянд нэгдэж, хэн нэгнийг баярлуулаарай.

Энэрэл, Хайр хэзээ ч мөхдөггүй.