Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Итали эр хиймэл гартаа вакцин тариулах гэж оролдоод баригджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Итали улсын нэг иргэн коронавирусийн эсрэг вакцины гэрчилгээ авахын тулд эмнэлгийн ажилтныг хуурах гээд бүтэлгүйтжээ.

50 гаруй насны эрэгтэй өөрийн гарыг арьсны өнгөтэй силикон материалаар бүрээд вакцин тариулахыг завдсан юм байна. Гэвч түүнд хууртаагүй дархлаажуулалтын цэгийн сувилагч цагдаад мэдэгджээ.

Эрэгтэйг вакцин тариулахаар ханцуйгаа хойшлуулахад түүний арьс маш их цайвар, гөлгөр, бас хүйтэн байсныг сувилагч хэвлэлд ярьсан байна.

Баригдсан этгээд уг хэргийг нуугаад өнгөрөхийг сувилагчаас гуйж байжээ.

Италийн баруун хойд бүсийн Биелла хотын цагдаагийн газар залилагчийг саатуулж, хэргийг шалгаж эхэлсэн байна.

Тухайн этгээд өмнө нь эмнэлэгт ажилладаг байсан бөгөөд вакцинжуулалтад хамрагдахаас татгалзсаныхаа төлөө халагдаж байжээ. Итали улс эрүүл мэндийн салбарын бүх ажилтандаа вакцинжуулалтад заавал хамрагдах шаардлага тавьж байгаа юм.

Италийн La Repubblica сонинд мэдээлснээр вакцинаас зайлсхийх зориулалттай, эрэгтэй хүнд өмсгөдөг силикон цээживч Амазон сайтад 488 еврогоор зарагдаж байгаа гэнэ. Тиймээс энэ нь сувилагчийг хуурах гэсэн анхны тохиолдол биш байж болзошгүйг анхааруулсан байна.

Энэ оны наймдугаар сараас эхлэн Италийн иргэд олон нийтийн газраар зорчихдоо вакцины гэрчилгээ, өвчлөөд эдгэрсэн баримт, эсвэл шинжилгээний сөрөг хариугаа шалгуулах ёстой болсон юм.

Харин энэ долоо хоногоос эхлэн зөвхөн вакцины гэрчилгээ болон өвчлөөд эдгэрсэн баримт дээр үндэслэн хүмүүст нэвтрэх эрх олгодог болжээ.

Сүүлийн байдлаар Итали улсын хүн амын 73 хувь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан нь Франц, Их Британиас өндөр, харин Испани, Португалиас доогуур үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: BBC