Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

2022 онд ₮3 их наядын 717 тендер зарлагдана

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Төрийн худалдан авах ажиллагаа-2022"  хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зорилт нь төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн шатанд Сангийн яам бэлдэж дуусжээ. 

2022 оны гуравдугаар сарын 1-н гэхэд бүх тендер улсын хэмжээнд зарлагдаж, батлагдан үйл ажиллагаа явуулах боломж бүрдээд байна.

Жагсаалт батлах тухай Засгийн газрын 359 дүгээр тогтоолоор төрийн худалдан авах ажиллагааг гурван чиглэлээр зохион байгуулна. Үүнд,

  1. Төрийн худалдан авах ажиллагааны газар нийт 591.5 тэрбум төгрөгийн 173 төсөл, хөтөлбөрийг өөрсдөө зарлаж байгаа
  2. Аймаг, нийслэлд нэг их наяд төгрөгийн 342 төсөл арга хэмжээ зарлагдана
  3. Төсвийн ерөнхийлөн захирагчид буюу яам, тамгын газрууд, агентлаг болон бусад байгууллага нийт 1.4 их наяд төгрөгийн 202 төсөл, арга хэмжээ зарлагдана.

Өөрөөр хэлбэл 2022 онд гурван их наяд 90 тэрбум төгрөгийн (717 төсөл, хөтөлбөр) төсөв, хөрөнгө оруулалтын ажил улсын хэмжээнд зарлагдаж зохион байгуулагдана гэдгийг Шадар сайд С.Амарсайхан 2022 онд хэрэгжүүлэх улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын талаар онцоллоо. 

 
МҮХАҮТ

Төрийн худалдан авах үйл ажиллагаанд орж буй өөрчлөлтийн талаар Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул "Тендерийн баримт бичгүүдийг шинэчилсэн байгаа. Тодруулбал,

  • Бүх ажил зурагтай байх
  • Шийдвэр 22 хоногт багтаан гарна
  • Тендерт илгээсэн баримтад үндэслэн шийдвэр гарна.

Мөн шинэчилсэн төсөлд хийгдсэн өөрчлөлтүүдээс дурдвал: 

  • Цаашид цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас илгээсэн баримт бичгийг тендерт ирүүлэхийг шаардахгүй.
  • Хуулиар шаардсанаас бусад тохиолдолд нотариатаар гэрчлүүлэх, орчуулагчийн тэмдгээр баталгаажуулахыг шаардахгүй.
  • Тендер шалгаруулалтын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулж, цахим системд үндэслэн шинэчилсэн.

Хууль тогтоомжийн хүрээнд олон нийтэд ил мэдээллийг тендерт шаардахгүй. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжоор нийтэд ил мэдээллийг тендер шалгаруулалтын үнэлгээнд харгалзан үзэх боломжтой ба тендерт оролцогчдоос нийтэд ил мэдээллийг шаардахгүй.

2021 оны таван сарын байдлаар 16,664 тендер шалгаруулалт хийгдсэн. Үүнээс 523 нь буюу 3%-ийн гомдол гарснаас үндэслэлтэй гомдол нь 407 буюу 77%-ийг эзэлж байгаа юм. Тэгэхээр ил тод байдлыг нэмэгдүүлэх нь эерэг нөлөөтэй учраас өмнөх жилүүдтэй харьцуулахад гомдол маргаан буурсан” хэмээн илтгэлдээ ярилаа. 

2021 онд 457 ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжихээр батлагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 410 ажлын үр дүн гарчээ

 
Гэрэл зургийг MPA.mn

Түүнчлэн худалдан авах ажиллагааны цахим системийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ЦХААМТХ-ийн дарга Н.Цэрэнсамбуу “2021 онд 457 ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжихээр батлагдсан. Өнөөдрийн байдлаар 410 ажлын үр дүн гарсан 26 нь амжилтгүй болсон төсөл арга хэмжээ байна. Өнөөдрийг хүртэл тендер шалгаруулалт нь зарлагдаагүй 16 төсөл арга хэмжээ байна.

13 албан хаагч 1,000 дарга 15 мянган ААН бүгд өөрчлөгдөж, дижиталд шилжин авлига хээл хахууль, ашиг сонирхолгүй байхын төлөө хичээе. Бүх мэдээллийг ил тод болгож, иргэдээс санал авдаг болцгоохын төлөө хичээхийг төр болон хувийн хэвшлийнхэнд уриалмаар байна" хэмээв. 

Уг хэлэлцүүлгийг Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Худалдан аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан бөгөөд яам, агентлагуудын төлөөлөл болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо. 

 
Гэрэл зургийг MPA.mn