Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ пуужингуудаа Япон улстай маргаантай арлуудын ойролцоо байрлуулжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Курилийн бүлэг арлуудын дунд хэсэгт орших Матуа аралд ОХУ өөрийн пуужингийн системийг шилжүүлж байрлуулсан байна.

Эдгээр арлуудын урд үзүүрт орших дөрвөн арлыг Орос, Япон улсууд өөрийн газар нутаг хэмээн маргалддаг юм.

ОХУ-ын батлан хамгаалах яамнаас өчигдөр тараасан видео бичлэгт далайгаар тээвэрлэсэн пуужингуудыг арлын эрэгт буулгаж байгааг харуулжээ. Матуа арал дээр цэргүүдийг байрлуулах байр, пуужин болон бусад зэвсэг техникийг хадгалах байр зэргийг шинээр босгосон тухай ОХУ-ын тал мэдээлсэн байна.

Зууван хэлбэртэй, 11 км урттай Матуа аралд байрлуулсан Бастион пуужингийн систем нь эргээс далайд 500 хүртэл километрийн зайд байгаа байг устгах зориулалттай зэвсэг юм.

Уг арга хэмжээ нь маргаантай арлуудын асуудалд Москвагийн эрх баригчид цаашдаа хатуу байр сууринаас хандахыг харуулж байна.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш талууд Курилийн дөрвөн арлын эзэмшлийн асуудлаар маргаантай байгаа. Пуужин байрлуулсан Матуа арал дээр дайны үед Японы цэргийн бааз байрлаж байжээ.

Дайны дараа уг арал дээр Зөвлөлтийн цэргийн бааз байрлах болсон ч 1991 онд  санхүүгийн асуудлаас үүдэлтэйгээр хаагдсан юм байна.

Эх сурвалж: Associated Press