Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улс вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдээ нийгмийн амьдралаас тусгаарлах арга хэмжээ авлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Герман улсын засгийн газар коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдээ онц чухал хэрэгцээгүй дэлгүүрээр үйлчлүүлэх, урлаг соёл, спорт, амралт, зугаа цэнгээний арга хэмжээнд оролцохыг нь хориглох шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад халдварын 70,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлын үеийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм.

Холбооны болон орон нутгийн удирдлагуудтай уулзсаныхаа дараа канцлер Ангела Меркель хэлэхдээ “Манай улсын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрээд байна” гээд шинэ хориг арга хэмжээг “үндэсний зөвшилцлийн хүрээнд гарсан шийдвэр” гэж нэрлэжээ.

Цар тахалтай тэмцэх цогц арга хэмжээний хүрээнд энэ оны төгсгөлд 30 сая хүнийг нэмж вакцинжуулах зорилт тавьсан байна. Мөн хүн амын вакцинжуулалтыг албадлагын чанартай болгох асуудлыг Германы парламент хэлэлцэхээр болжээ. Хэрвээ дэмжигдвэл ирэх оны хоёрдугаар сараас эхлэн мөрдөгдөх юм байна.

Германы засгийн газар хүн амынхаа 75 хувийг вакцинжуулах зорилт тавьсан ч гүйцэтгэл нь одоогоор 68.7 хувьтай байгаа. Ирэх долоо хоногт Меркелийн халааг авах Олаф Шольц вакцинжуулалтыг албадлагын чанартай болгохыг дэмжиж байгаагаа саяхан илэрхийлсэн юм.

Гэхдээ тэр уг шийдвэрийг гаргахдаа намын бодлогод нийцүүлэх биш, хувь хүнийхээ үзэмжээр санал өгөхийг парламентын гишүүдэд уриалсан байна.

Пүрэв гарагт Герман даяар халдварын 73,209 тохиолдол нэмж бүртгэгдэж, 388 хүн нас баржээ. Цар тахал эхэлсэн цагаас хойш Covid-19 өвчнөөр амиа алдсан хүний нийт тоо 102,178 болсон байна.

 

Эх сурвалж: Associated Press