Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улсын гадаад хэргийн анхны эмэгтэй сайд Орос, Хятадын эрх баригчдад хатуурхахаа амлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Герман улсын шинэ канцлераар социал демократ Олаф Шольц ирэх долоо хоногт томилогдох гэж байна.

Түүний танхимын бүрэлдэхүүн түрүүчээсээ тодроод байгаа. Шинэ засгийн газрын гадаад хэргийн сайдаар Ногоон намын 40 настай улстөрч Анналена Бербок томилогдохоор болжээ.

Тэрбээр Герман улсын анхны эмэгтэй гадаад хэргийн сайд болох юм. Бербок үйл ажиллагаандаа хүний эрхийг нэгдүгээрт тавихаа амлаж, Хятад, Орос зэрэг авторитар дэглэмтэй орнуудтай хатуу байр сууринаас харилцах тухай өчигдөр Германы хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.

Одоогийн канцлер Ангела Меркелийн 16 жилийн засаглалын үед Герман улс эдийн засагт илүү анхаарсан прагматик бодлогоор дээрх улсуудтай харилцаж байв.

Тэгвэл Бербок энэ хандлагыг өөрчлөхөө амлаж байгаа юм.

“Үнэт зүйлийг тэргүүнд тавьсан бодлогод яриа хэлэлцээ, хатуу байр суурь хоёр үргэлж хосолдог. Сүүлийн жилүүдэд зарим хүмүүсийн баримталж байсан амаа үдэх дипломат бодлого цаашдаа удаан үргэлжлэхгүй” гэж TAZ сонинд ярилцлага өгөхдөө Бербок хэлжээ.

Тэрбээр Европын Холбооны 27 гишүүн орон хүчээ нэгтгэж чадвал худалдааны хөшүүрэг ашиглан Хятад улсын хүний эрхийн асуудалд нөлөөлж чадахыг энэ үеэр хэлсэн байна.

Бербок бас удахгүй эхлэх Бээжингийн өвлийн олимпын наадмыг бойкотлох боломжийг үгүйсгээгүй юм.

Оросоос Германд нийлүүлэх байгалийн хийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх “Умард урсгал 2” дамжуулах хоолойн төслийг эсэргүүцэж явдгаа Бербок энэ үеэр илэрхийлжээ.

Уг төслийн гол санаа зовоосон асуудал нь геополитикийн аюулгүй байдал тул ойрын үед нийт Европын түвшинд авч хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаагаа тэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: AFP