Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дээрэмчид шоронгийн хаалгыг эвдэж, хоригдлуудыг оргуулсан хэрэг Мексикт гарчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагийн өглөө Мексик улсын төв бүсийн Тула хотын шорон руу зэвсэгт этгээдүүд халдаж, есөн хоригдлыг оргуулсан хэрэг гарчээ.

Ингэхдээ дээрэмчид гар аргаар хуягласан пикап автомашинаар шоронгийн хаалгыг эвдэн орсон байна. Оргосон хоригдлуудын дотор орон нутгийн Пуэблос Юнидос гэмт хэргийн бүлгийн толгойлогч “Эль Мичоакано” хочтой Хосе Артемио Малдонадо Мехиа байсныг шоронгийн захиргаа мэдээлжээ.

Халдлагын үеэр хэд хэдэн автомашин шатаж, цагдаагийн нэг офицер, шоронгийн нэг хуяг бэртсэн тухай Идальго мужийн эрх баригчид мэдээлсэн байна.

Тус мужид цэрэг, цагдаа, үндэсний гвардын дайчид оролцсон өргөн хэмжээний эрэн сурвалжлах ажиллагаа эхэлжээ.

Тула хот орчимд Мексикийн төрийн өмчит Pemex компанийн газрын тос боловсруулах үйлдвэр оршдог. Гэмт хэргийн бүлгүүд тус компанийн дамжуулах хоолойнуудаас шатахуун хулгайлж зарах үндсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдний хамгийн том нь Пуэблос Юнидас юм.

Дээрэмчид хулгайлсан шатахуунаа жолооч нарт, шатахуун түгээх станцуудад айлган сүрдүүлж, хүчээр зардаг гэнэ.

Тулагийн шоронд гарсан халдлага нь Мексикийн ерөнхийлөгч асан Фелип Калдерон хар тамхины картелиудын эсрэг дайн зарласны 15 жилийн ойн өдөр тохиожээ.

Калдерон гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг дайнд Мексикийн армийн олон мянган цэргийг дайчилж байсан юм.

Мексикийн одоогийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор гэмт хэргийг бууруулахад зэвсэгт хүчнийг ашиглах Калдероны бодлогыг шүүмжлэгч бөгөөд эвээр шийдвэрлэх бодлого баримталж,  “сумны оронд тэврэлт” уриаг дэвшүүлж байв.

Гэвч тус улсын гэмт хэргийн нөхцөл байдал сайжрах төлөвгүй байна.

 

Эх сурвалж: The Guardian