Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ганхүү: Эрчүүдээ хүчирхийллээс хол байцгаая

ikon.mn
2021 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Аялагч, дуучин Г.Ганхүү: “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн буянд дэлхийн 100 гаруй улсаар аялсан байна. Аялагч хүний хувьд аялж явахдаа заавал өөрийнхөө орныг бусад улсуудтай харьцуулж явдаг. Харьцуулах маш олон шалтгаан бий. Бусад орон жендэрийн асуудалд хэрхэн ханддаг вэ гэдгийг ч харьцуулж явдаг. Ер нь 100 гаруй улсаар явахад улс бүхэн жендэрийн асуудлаар өөр өөр байр суурьтай байдаг юм билээ. Ялангуяа Ойрх Дорнод, бид нарын ярьдгаар Арабын улсуудад жендэрийн асуудал үнэхээрийн хурцадмал болсон байна билээ. Би Саудын Арабд 80 мянган хүний суудалтай стадионд хөл бөмбөг үзэж таарсан. Тэгэхэд жишээ нь 80 мянган хүн үзэж байхад нэг ч эмэгтэй хүн тэнд байхгүй. Эмэгтэйчүүд тэр том арга хэмжээнд орох эрхгүй. Эмэгтэйчүүд тэнд ажил хөдөлмөр эрхлэх эрхгүй. Эмэгтэйчүүд нөхөрт гараад гивлүүрээ зүүгээд бусад эрчүүдэд нүүр царайгаа харуулах эрхгүй.

Ингээд Монгол Улсаа харьцуулаад харахад бид нар өвөг дээдсээсээ эмэгтэйчүүдээ, эхчүүдийгээ хүндэлдэг  уламжлал маань уламжлагдаад  ирсэн учраас бусад улс, тэр дундаа Арабтай харьцуулахад жендэрийн асуудал дээр харьцангуй  гайгүй юм болов уу .

Энэ жил НҮБ-ын Хүн амын сангаас Жендэрийн хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай гэсэн  уриа гаргасан байгаа. Энэ хүрээнд жендэр гээд ярихаар Монголчууд зөвхөн бүсгүйчүүдийн, эмэгтэйчүүдийн асуудал юм шиг буруугаар ойлгодог гэж би хувьдаа хардаг.

Яагаад гэхээр жендэрийн асуудал эрчүүд бид нартай 100 хувь хамааралтай. Тэр дундаа жендэрийн хүчирхийллийн асуудал илүү хамааралтай.

Хүчирхийллийг ер нь хэн хийдэг юм. Хүчирхийлэхийг эрчүүд бид нар л хийж байна. Тэгэхээр үүнийг таслан зогсоохын тулд эхчүүд, эмэгтэйчүүд, охид руу гаа яриад байх биш эрчүүд рүү гээ хандах шаардлагатай болоод байна. Энэ уриан доор эрчүүд маань гэр бүлийн хүчирхийллээс ангид байж, тухайн салбар, эрхэлж байгаа ажил дээрээ ч хүчирхийллийг зогсоож чадах юм бол НҮБ-аас гаргасан энэ сайхан уриаг 100 хувь биелүүлж чадах юмаа л гэж би хардаг.

Яагаад бид нар эмэгтэйчүүдийг хүндлэх ёстой юм бэ гэж үү?

Саяхан нэг судалгаа гарсан байна билээ. Энэ нь ямар судалгаа гэхээр хэдэн залуусыг цуглуулж ажилд авах туршилт явуулжээ. Ажилд орохоор ирсэн  залуучуудад их сонирхолтой асуултууд тавина. Та манай ажилд орох гэж байгаад их баяртай байна. Таны өдрийн ажил өглөөний 08 цагаас орой 20 цаг хүртэл үргэлжилнэ. Жаахан хүнд ажил. Гэхдээ манайх цэвэрлэгч байхгүй. Шаардлага гарвал бид нар өөрсдөө цэвэрлэчихдэг. Мөн ариун цэврийн өрөөний цэвэрлэгээгээ өөрсдөө хийдэг. Манай ажил ерөнхийдөө ийм гээд маш олон асуулт тавихад ажилд орохоор ирсэн залуус гайхаад гол зүйлээ ярьсангүй шүү дээ гэж л дээ. Юу билээ гэсэн. Цалин хөлс. Манайх цалин хөлсгүй ажилд авах гэж байгаа юм гэхэд нөгөө залуус гайхаад, болъё болъё гээд гарч явсан. Ярилцлага авч байсан хүн “Энэ ажлыг дэлхий дээр хэдэн сая, хэдэн тэрбум хүн хийж байгаа л даа. Ямар хүн ийм ажил хийдэг юм гэхэд нь таны ээж” гэж хэлээд ээжийг нь оруулж ирдэг юм. Ээжийгээ хараад тэнд байсан залуус бүгд уйлцгаасан. Ямар их хүч хөдөлмөр, ямар их хүнд ажлыг эмэгтэйчүүд, ээж нар маань, охид бүсгүйчүүд маань бид нарын өмнөөс хийдгийг харуулсан сайхан ярилцлага болсныг би үзэж байсан юм байна.

Бас саяхан дэлхийн нийт цар тахалтай холбоотой нэг судалгаа, тоо баримт гарсан байна билээ. НҮБ-д бүртгэлтэй 198 улс бүгдээрээ л ямар нэг байдлаар цар тахалд  нэрвэгдсэн байгаа. Гэтэл тэр судалгаагаар эмэгтэй Ерөнхий сайдтай, эмэгтэй Ерөнхийлөгчтэй улс эрэгтэй Ерөнхий сайдтай юм уу Ерөнхийлөгчтэй улсаас иргэд нь хамаагүй бага ковид туссан байна гэсэн статистик гарчээ. Энэ судалгааг дүгнэвэл эмэгтэйчүүд аливаа өндөр албан тушаалд очсон ч тухайн ажилд эрчүүдийгээ бодвол илүү прагматик ханддаг юм болов уу. Илүү бүтээлч ханддаг юм болов уу гэсэн  дүгнэлтэд би өөрийн эрхгүй хүрсэн.

Одоо миний хэлэх гэж байгаа санал та бүхэнд этгээд санагдаж магадгүй. 2024 оны УИХ-ын сонгуульд эрчүүд маань дөрвөн жил арагшаа суугаад зөвхөн эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлчихвэл яасан юм бэ. 76 гишүүн маань эмэгтэй болоод, Засгийн газрын 10 гаруй сайд маань эмэгтэйчүүд болоод бүх дээд албан тушаалд эмэгтэйчүүд маань очвол Монгол Улсын 3 гаруй сая хүн амын амьдралыг дөрөвхөн жилийн дотор босгоод ирэх болов уу гэж хувьдаа хардаг. Яагаад ийм дүгнэлтэд хүрсэн гэхээр бас нэг судалгааг харлаа. Авлигын индексийг харахад эрчүүд эмэгтэйчүүдээсээ хамаагүй илүү авлигад өртөх магадлал өндөртэй юм байна билээ.

Иймээс жендэрийн асуудал гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж бүү бодоорой. Энэ бол 100 хувь бид нартай, эрчүүдтэй хамааралтай асуудал. Ялангуяа хүчирхийллийн асуудал дээр илүү хамааралтай байх гэж бодож байна. Жендэрийн асуудал ярьж байгаа бол эрчүүдийн асуудлыг заавал давхар ярих ёстой. Эмэгтэйчүүдээ хүндэлье. Ээж нараа хайрлая. Хүчирхийллээс бүгдээрээ хол байцгаая. Өөр хүнийг хүчирхийлж байвал та нар ч мөн очоод зогсоож болно шүү дээ. Та бүхэнд баярлалаа.

Видео: