Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу толгой" ХХК хоолны хаягдлаар бордоо үйлдвэрлэж, байгаль орчны нөхөн сэргээлтэд ашиглаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Оюу толгой" компаниас байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаар товч танилцууллаа.

"Оюу толгой" компанийн Байгаль орчны хэлтсийн менежер н.Эрдэнэбаяр: Байгаль орчны асуудал бол "Оюу толгой" компанийн эн тэргүүний асуудал байдаг. Тиймээс манай компани Монгол Улсад мөрдөгдөж байгаа байгаль орчинтой холбоотой хууль журмыг мөрдөж ажилладаг.

Оюутолгой төслийн байгаль орчны гүйцэтгэлийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд аудит хяналт шалгалтаар баталгаажуулж байдаг.

Газар хөндөх, эвдэх асуудлыг аль болох бага хэмжээнд байлгахыг зорьдог. 2021 оны байдлаар төслийн хэмжээнд нийт 6,200 га газар эвдрэлд өртсөн гэдэг тооцоолол бий. Нөхөн сэргээлтийг эрчимтэй хийж байгаа. Техникийн нөхөн сэргээлтийг нийт 1,700 орчим га газарт хийсэн. Төсөлд тусгагдсаны дагуу нөхөн сэргээлт хийгээд орхилгүй, бэлчээрийг 100 хувь нөхөн сэргэтэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг.

Нөхөн сэргээлтийн хүрээнд ургамалжуулахын тулд мод үржүүлгийн газар ажиллуулдаг. Ханбогд сумын төвд таван га газарт нутгийн унаган ургамлын тарьц, суулгацыг бэлтгэдэг. Эдгээр тарьц, суулгацаа нөхөн сэргээлтэд ашиглаж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 914 мянга орчим тарьц, суулгацыг нөхөн сэргээлтэд ашигласан байна.

Хоолны хог хаягдлаас бордоо үйлдвэрлэж байна

Оюутолгой төсөл маш олон ажилтантай. Эрүүл ахуйн талаас хоолны үлдэгдлийг шууд хаядаг. Хоолны хог хаягдлыг бордоо болгон ашиглах боломжийг 2015 оноос эхлэн судалсан. Ингээд гурван жилийн өмнөөс бордоо хийж эхэлсэн. 2021 онд анхны бордоог үйлдвэрлэж нөхөн сэргээлтэд ашиглаж эхлээд байна.

Оюу толгой компанийн Байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Ууганбаяр: "Оюу толгой" компани уул уурхайн салбарт усыг хамгийн багаар ашиглах бодлого баримтлан ажилладаг. "Оюу толгой" компани ус цэвэршүүлэх, савлах үйлдвэрийг 2011 онд барьж байгуулсан. Энэ үйлдвэрт гүний хоолойгоор өндөр давсжилттай усыг татдаг. Ингэж татсан усаа цэвэршүүлээд ундны усанд хэрэглэдэг.

Мөн бохир ус цэвэршүүлэх технологиор өдөрт 2,540 м3 бохир усыг цэвэршүүлж үйлдвэрлэлдээ дахин ашиглаж байна.

Усны хэрэглээний хувьд нэг тонн хүдэр боловсруулахад ойролцоогоор 0.4 куб.м ус ашигласан нь дэлхийн ижил төстэй баяжуулах үйлдвэрүүдээс гурав дахин бага ус хэрэглэж байгааг харуулсан тооцоолол юм.