Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх зардлыг шийдвэрлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгажээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Н.Энхболд "Тогтоолын төслийг дэмжиж байна. Урьд нь Үндсэн хууль батлагдсан том ойгоор иймэрхүү арга хэмжээ зохион байгуулж байсан. Зөвхөн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудал биш. Үндсэн хуулиа сурталчлах, ойлгуулах, соён гэгээрүүлэх чиглэлийн ач холбогдолтой арга хэмжээ гэдгээр нь дэмжиж байна. 

Хэрэв би андуураагүй бол ой тэмдэглэх ажлыг УИХ-аас зохион байгуулж байсан санагдаж байна. Зөвхөн Ерөнхий сайдад даалгаад орхихоор өрөөсгөл байна. УИХ-ын дэд дарга нар хариуцаад, ажлын төлөвлөгөө гаргах талаар тогтоолд тусгасан нь зөв" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Дэд ажлын хэсгүүд мөн бий" гэв. 

Тогтоолын төсөлд:

  1. Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх, сурталчлан таниулах зорилгоор шинээр оюуны бүтээл туурвих, эрдэм шинжилгээний хурал болон шаардлагатай бусад арга хэмжээг зохион байгуулах, 
  2. Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэн батлах ажилд оролцсон ажлын хэсэг, зохион байгуулах комисс, ардын их хурлын депутат, улсын бага хурлын гишүүд болон эрдэмтэн судлаач холбогдох бусад хүмүүст хүндэтгэл үзүүлэх,
  3. Үндсэн хууль тогтоогчдын үйл хэргийг хүүхэд залууст сурталчлан таниулах, дурсгалыг мөнхжүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх,
  4. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, холбогдох зардлыг шийдвэрлэхийг Засгийн газар, Л.Оюун-Эрдэнэд даалгасугай. 
  5. Арга хэмжээг зохион байгуулахдаа цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр зөвлөмжийг сахин биелүүлж, хэрэгжүүлэхийг холбогдох иргэд, байгууллага болон бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал чиглэл болгоно гэж тусгажээ.