Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн зөөвөрлөгдсөн тохиолдол нь Омикрон эсэхийг генийн дарааллын шинжилгээ хийж байж тодорхойлно"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Variant of concern” буюу анхаарвал зохих, аюултай ангилалд багтсан коронавирусийн Омикрон гэх шинэ хувилбар тархаж байгаатай холбоотойгоор улс орнууд зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах, хилээ хаах хүртэл арга хэмжээг хэрэгжүүлж буй.

Тэгвэл манай улсад сүүлийн 24 цагийн хугацаанд COVID-19-ийн дотоодын халдвар 553-аар нэмэгдсэн бол гаднаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлын тухайд, арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчоос илэрчээ.

Уг тохиолдол Омикрон хувилбар эсэхийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаас тодруулахад “Зөөвөрлөгдсөн халдвар нь коронавирусийн Омикрон хувилбар мөн эсэх нь одоогоор тодорхойгүй.

Учир нь коронавирусийн Омикрон хувилбарыг ялгаж, шууд оношлох оношлуур дэлхий нийтэд үйлдвэрлээгүй буюу зөвхөн генийн дарааллаар нь л тогтооно гэсэн үг.  Тиймээс уг сорьцод генийн дарааллын шинжилгээг хийнэ.

Одоогоор PCR-аар альфа эсвэл дельта эсэхийг тогтоох  шинжилгээний хариу өнөөдөр гарна" хэмээн тайлбар өглөө.

Ташрамд дурдахад, бусад хувилбаруудтай харьцуулахад Омикрон нь дахин халдварлах чадвар өндөр гэж мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл өвдөөд эдгэрсэн хүмүүсийг дахин өвчлүүлэх чадвар өндөртэй байж болзошгүй бөгөөд өнөөдөр дэлхий дахинд хамгийн өргөн тархаад байгаа Дельта хувилбараас илүү аюул учруулж болзошгүйг ДЭМБ анхааруулж байв.

Гэхдээ уг хувилбарын тархах чадвар өндөр боловч хоруу чанар тэр хэмжээгээр бага байх магадлалтай гэдгийг УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш, доктор Т.Бэгзсүрэн манай сайтад өгсөн ярилцлагын үеэр онцолсон юм.