Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, БНХАУ-ын хооронд дуунаас хурдан зэвсэг бүтээх өрсөлдөөн ид өрнөж байгааг Пентагоны албаны хүн батлав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Дуунаас хурдан зэвсэг бүтээх ширүүн өрсөлдөөн АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж байгааг Пентагоны өндөр албан тушаалтан өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа баталжээ.

АНУ-ын агаарын зэвсэгт хүчний нарийн бичгийн дарга Фрэнк Кендалл “Тоо хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө биш, чанарын хувьд илүү гарах гэсэн өрсөлдөөн ид өрнөж байна. Энэ чиглэлд Хятад улс маш их идэвхтэй ажиллаж байгаа” гэж Пентагоны байранд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.

Энэ оны зун Хятад улс анхны дуунаас хурдан зэвсгээ амжилттай туршсан нь АНУ-ын эрх баригчдын санааг нэлээд зовоож байгаа. Пентагон энэ онд ижил төрлийн хэд хэдэн зэвсэг туршсаны зарим нь амжилттай, зарим нь амжилтгүй болсон юм.

Тухайлбал аравдугаар сард АНУ-ын тэнгисийн флот дуунаас хурдан зэвсэгт ашиглах пуужингийн хөдөлгүүрийг амжилттай туршсан байна.

Ийм төрлийн зэвсэг нь дэлхийн агаар мандлын дээд давхаргад дууны хурднаас хамгийн багадаа тав дахин өндөр (6,200 км/цаг) хурдаар нисэх чадвартай байх ёстой.

Фрэнк Кендаллын ярьснаар одоо Пентагон төсөв хөрөнгөө Ирак, Афганистан дахь ажиллагаанд зарцуулахаас гадна дуунаас хурдан зэвсэг бүтээх чиглэлд голлон зарцуулж байгаа гэнэ.

“Энэ нь бид юу ч хийхгүй байгаа гэсэн уг биш, бас хангалттай ихийг хийсэн гэсэн үг биш” гэж Кендалл хэлсэн байна.

Шинэ оны төсвийг зарцуулахдаа хуучин, ашиглалтын зардал өндөртэй зэвсэглэлийг халж, шинэ зэвсэг техникт түлхүү мөнгө зарцуулах төлөвлөгөөтэй байгааг тэр бас ярьжээ.

“Би A-10-т дуртай. C-130 бол маш сайн чадалтай нисэх онгоц. MQ-9s терроризмын эсрэг тэмцэлд их үр дүнтэй байгаа. Гэхдээ эдгээр зэвсэг техник Хятадыг айлгаж чадахгүй” гэж Кендалл ярьсан байна.

Түүний хэлсэн техникүүд нь 40 гаруй жил ашиглагдаж байгаа байлдааны нисэх онгоц, ачаа тээврийн нисэх онгоц, хамгийн өргөн хэрэглэгддэг дрон юм.

АНУ-ын батлан хамгаалах салбарын гол гэрээт үйлдвэрлэгчид болох Lockheed Martin Corp, Northrop Grumman Corp, Raytheon Technologies Corp компаниуд сүүлийн үед дуунаас хурдан зэвсэг бүтээхээс гадна ийм төрлийн зэвсгийн довтолгооноос хамгаалах системийг бүтээхээр идэвхтэй ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: Reuters