Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусь улс Оросын цөмийн зэвсгийг нутагтаа байрлуулах хүсэлтэйг Лукашенко мэдэгджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ NATO цэрэг зэвсгийн хүчээ дорно зүгт тэлбэл ОХУ-ын цөмийн цэнэгт хошууг Беларусийн нутаг дэвсгэрт байрлуулах хэрэгтэйг тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр РИА Новости агентлагийн сэтгүүлчтэй уулзахдаа хэлжээ.

“Хэрвээ нөхцөл байдал ингэж өөрчлөгдвөл би Путинд цөмийн зэвсгээ Беларусьд буцааж байрлуулах хүсэлт тавих болно” гэж тэр хэлсэн байна. Хүйтэн дайны үед Зөвлөлтийн цөмийн зэвсэг Беларусийн нутагт байрлаж байсан юм.

Ангела Меркелийг залгамжлах Германы шинэ канцлер АНУ-аас худалдаж авах цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай нисэх онгоцныхоо тоог бууруулж магадгүй гэсэн мэдээлэл тараад байгаа.

Үүнд санаа зовсон NATO-гийн нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг саяхан хэлэхдээ “манай цөмийн зэвсэг Европын холбоотнуудын маань аюулгүй байдлын баталгаа болдог. Цөмийн довтолгооноос дорнод Европын холбоотнуудаа хамгаалахад бас чухал үүрэгтэй юм” гэжээ.

ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Александр Грушко хариу мэдэгдэлдээ NATO-гийн тэргүүний хэлсэн үг хоёр талын хооронд байгуулсан энхийн гэрээнд аюул занал учруулж буйг анхааруулсан юм.

1997 оны тавдугаар сард ОХУ болон NATO-гийн хооронд байгуулагдсан энэхүү гэрээнд талууд нэг нэгэндээ дайсагнахгүй, гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш элссэн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг байрлуулахгүйг заасан байдаг ажээ.

2020 оны наймдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Беларусь болон Өрнөдийн харилцаа эрс муудаад байгаа. Сүүлийн саруудад Беларусийн талаас Ойрх Дорнодын олон мянган дүрвэгч Польшийн хилээр нэвтрэх оролдлого гарах болсон нь харилцааг улам дордуулсан юм. 

 

Эх сурвалж: Russia Today