Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

"МИАТ ТӨХК-ийн агаарын үйлчилгээний хураамжийн хуримтлагдсан ₮9.27 тэрбумын өглөгийг чөлөөлүүлэхээр ажиллаж байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан асуултын хариуг хэлэлцлээ. 

Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн нислэгийн сүлжээг өргөжүүлэх, агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулна.  2021 онд Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар Хонг Конг чиглэлийн нислэгийн давтамж багтаамжийг нэмэгдүүлсэн. 2022-2023 онд Сөүл, Токио, Москва, Эрхүү, Бээжин, Хөх хотын чиглэлийн нислэгийг тогтворжуулж, 2019 оны түвшинд хүргэх, МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн хувьд Шанхай, АНУ-ын Сиэтл хотын чиглэлд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Агаарын тээврийн зах зээлийн өнөөгийн байдал, цар тахлын улмаас үүсээд буй санхүүгийн хүндрэлийг судлан тогтоож, салбарын үйл ажиллагааг сэргээн тогтворжуулах, агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар санхүүгийн байдлыг сайжруулах бодлого зохицуулалтын арга хэмжээний саналыг боловсруулан төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран ажиллаж байна. 

Нислэгийн зардлын ихэнх хувийг эзэлдэг агаарын хөлгийн шатахууны үнийг төрийн зохицуулалттай бууруулах, зардлыг зохицуулах асуудлыг төрийн өмчит “Эрчис ойл” компанид хариуцуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Шатахуун хангамж байгууламжийн ашиглалтыг Иргэний нисэхийн ерөнхий газар хариуцаж, 2021 оныг дуустал 1.8 тэрбум төгрөгийн алдагдлыг хариуцаад байна. МИАТ ТӨХК-ийн Засгийн газрын нөөц сангийн алдангийн үлдэгдэл болох 989.7 сая төгрөгийн өглөг, ИНЕГ, түүний харьяа байгууллагуудад төлөх нисэх буудлын болон агаарын үйлчилгээний хураамжийн хуримтлагдсан 9.27 тэрбум төгрөгийн өглөгийг тус тус чөлөөлүүлэхээр ажиллаж байна" гэлээ.