Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Андрей Михнев: Үндэсний баялгийн сангийн хуулийн заалтууд ил тод менежменттэй авч явах механизмыг бүрдүүлсэн байх ёстой

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 11 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын ДНБ жилд таван хувь өснө гэж үзвэл уул уурхайн салбарын ДНБ-д оруулах хувь нэмэр 2020 онд 19.7% байсан бол 2030 онд 32.7% болж өснө гэсэн таамаглалыг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг "CRU consulting" судалгааны компани гаргажээ.

Манай улсад Үндэсний баялгийн сан байгуулах хуулийн төсөл Засгийн газарт танилцуулагдаад буй билээ. 

Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны захиалга, Дэлхийн банкны санхүүжилтээр "CRU consulting" судалгааны компани Монгол Улсад хамгийн үр өгөөжтэй баялгийн санг хэрхэн оновчтой хөгжүүлэх асуудалд зөвлөгөө өгч ажиллаж буй.

Ийнхүү өнөөдөр Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан болон Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

"Монголын уул уурхайн салбар 2020-2030 онд хурдацтай өсөх төлөвтэй байна.2020-2030 онд үйлдвэрлэл нэмэгдэж, урт хугацаанд үнийн эерэг хүлээлттэй холбоотойгоор салбарын нийт орлого 5.3-12.5 тэрбум ам.доллар болж өснө" гэдгийг тус судалгааны компани тайландаа онцолжээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев "Баялгийн санг анх удаа байгуулж байгаа улс нь Монгол Улс биш. Маш олон улс орон өөрийн гэсэн баялгийн санг байгуулчихсан бөгөөд тэр хэмжээгээр арвин туршлагууд бий. Холбоотой мэдээллийг Дэлхийн банкны зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд өгч байгаа. Үндэсний баялгийн сан байгуулахад нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ нь сангийнхаа хамрах хүрээ, үндсэн зорилгыг маш тодорхой болгох явдал. Уул уурхайгаас авч буй өгөөжөө ард түмэнд аль болох наалдацтай, өгөөжтэй байхаар яаж зарцуулах вэ гэдэг нь нэгдүгээрт тавих зорилго байх ёстой. Зорилгоо хангах техникийн арга хэрэгсэл болон бусад нарийн асуудлыг янз бүрийн хэлбэрээр хийж болно. Дэлхийн банкны зүгээс техникийн туслалцаа үзүүлж болно. 

Уул уурхайгаас олсон ашгаа санд төвлөрүүлээд дараа нь хөрөнгө оруулалт хийдэг байх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг өгөөжийн дээд түвшинд байлгаснаар илүү арвижна. Зарим улс оронд хуулиараа дотоодод бус гадаадын улс орнуудын төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах боломжоор хангасан байхад зарим нь дотоодын хөгжлийг бий болгох үүднээс томоохон төслүүддээ зориулж байх жишээтэй.

Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн хуулийн заалтууд нь засаглалын асуудалд нарийн зохицуулалтыг оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн түвшинд, илүү ил тод менежменттэй авч явах механизмыг хуулийн заалт нь бүрдүүлсэн байх ёстой" гэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн "Дэлхийн банкны санхүүжилтээр гаднын "CRU consulting" судалгааны компани  үр өгөөжтэй баялгийн санг хэрхэн оновчтой хөгжүүлэх талаар зөвлөгөө өгч байгаа. Энэ талаарх асуудлыг олон нийт болон салбарынханд нээлттэй байлгах зорилгоор өнөөдөр хэлэлцүүлгийг зохион байгуулагдлаа. Баялгийн менежменттэй холбоотойгоор хэд хэдэн зүйлийг санал болгож байгаа. Үүнийг шийдвэр гаргах үйл явцад анхаарч, хэрэгжүүлнэ" гэв. 

Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 22, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71, экспортын 94 хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлж байна.

Том зургаар харвал 2030 онд уул уурхайгаас орж ирэх орлого илүү тэлэхээр харагдаж байна

 
Гэрэл зургийг MPA.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал "Коксжих нүүрс ашигладаг гангийн үйлдвэрлэлийн эрэлт дараагийн арван жилд бидний төсөөлснөөс буурахгүй байх. Дараагийн арван жилд нүүрснээс орж ирэх орлого буурах төсөөлөлтэй байгаа ч нөгөө талд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүч, цахилгаанаар ажилладаг машин гэх мэт хөгжлүүд эрчимжсэнээр зэсийн хэрэглээ болон үнэ өсөхөөр харагдаж байгаа. Том зургаар харвал 2030 онд уул уурхайгаас орж ирэх орлого илүү тэлэхээр харагдаж байна. Дэлхийн банкны судалгааны дүнгээр 2030 онд уул уурхайн салбарын ДНБ-д оруулах хувь нэмэр 32.7 хувь хүртэл өснө гэх тооцооллыг хийсэн байсан. Энэ нь гэхдээ нүүрсний хэрэглээ алга болох бус ашиглах технологи өөрчлөгдөхийг нь хэлж байгаа юм” гэлээ. 

Үндэсний баялгийн санд газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой гэдгийг салбарын яамнаас мэдээлсэн.