Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жаргалмаа: Кино урлагийн зөвлөлд улс төрийн ашиг сонирхолтой хүн орох ёсгүй

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

“Кино урлагийг дэмжих тухай хууль” -ийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Соёлын яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, олон улсын сайн туршлага сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр Кино урлагийн зөвлөл байгуулагдахтай холбоотой асуудлыг онцолж, саналаа илэрхийлсэн юм. 

Соёлын яамны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Чимэдлхам: Хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 12 төрлийн эрх зүйн актаас найм нь журам байгаа. Эдгээр эрх зүйн актуудыг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах үүргийг Соёлын яам хариуцаж ажиллана. Үйл явцын хувьд эхлээд Кино урлагийн зөвлөл байгуулагдаад доор нь ажлын алба байгуулагдах ёстой. Үүний дараагаар нь хууль болон журмуудын хэрэгжилтийг хангах чиглэлээр зөвшөөрөл олгох, зарцуулалтад хяналт тавих зэрэг ажил үргэлжилнэ. Найман журмын боловсруулалтын ажил 70 орчим хувьтай явж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард батлах, өргөн барих ажлуудыг эрчимтэй үргэлжлүүлнэ. Иймд уран бүтээлчдийн санал их чухал.

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Кино урлагийн зөвлөлд улс төрийн ашиг сонирхолтой хүн орох ёсгүй. Харин киногоор амьсгалдаг хүн байх ёстой. Тэр утгаараа шалгаруулалтыг уран бүтээлчдээс тавих ёстой хэмээх шаардлагыг УИХ-ын зүгээс тавина гэж бодож байна. Ингэснээр Кино урлагийг дэмжих тухай хуультай болсны хэрэг гарна.

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл: Форумын хүрээнд олон улсын хүмүүстэй ажиллаж байхад Кино урлагийн зөвлөлийн 60 хувь нь тухайн салбарт ажилладаг хүмүүс, 40 хувь нь бусад томилгоо байсан. Мөн хараат бус шинжээчдийн хороо ажилладаг байх жишээтэй.

“ЭСТИ” студийн захирал кино найруулагч Б.Амарсанаа: Кино урлагийн зөвлөл байнгын орон тоотой байна гэж ойлгосон. Мөн сайн дурын үндсэн дээр байх нь зөв. Хуульд зааснаар зөвлөлийн 10 хүний долоо нь буюу 70 хувь нь салбарын хүмүүс байх бөгөөд саналаа яаманд ирүүлээд, сонгогдоно. Гурван хүн нь Сангийн яам, Соёлын яам, төрийн эрх бүхий байгууллагаас гурван хүн оролцоно гэх мэт. Зөвлөлийн даргын хувьд хуралдаанд санал өгөх эрхгүй байгаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Кино урлагийг дэмжих сангийн талаар Кино найруулагч, продюсер А.Миеэгомбо: Хувийнхаа зүгээсээ хэлэхэд сүүлийн гучин жил монголд хийгдэж байгаа кинонуудын 90 орчим хувь арилжааны зорилгоор хийгдэж явсаар ирлээ. Кино урлагийг дэмжих тухай хууль нь кино урлагийг дэмжих зорилготой учраас арилжааны кино урлагийг дэмжихгүй гэж хэлж болохгүй. Тэгэхээр арилжаа болон зохиогчийн кино секторт тус бүр тодорхой хэмжээгээр хуваарилах нь зүйтэй. Арилжааны кино, зохиогчийн кино салбарыг хооронд нь хутгаж болохгүй. Жишээлбэл, арилжааны кинонд тодорхой хэмжээний төсвийг эргэн төлөгдөх нөхцөлтэй буюу бага хүүтэйгээр олговол зүгээр. Харин зохиогчийн кино нь арилжааны зорилго бага буюу илүү бүтээл тал руугаа байдаг тул төрөөс дэмжлэг хэлбэрээр үзүүлэхийг илүүд үздэг байх нь зөв болов уу.

 
Гэрэл зургийг mpa.mn