Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

С.Одонтуяа: Эрчим хүчний салбар хэзээ мөдгүй зогсох аюултай түвшинд байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус намын бүлгийн дарга Д.Ганбат "Бүлгийн хуралдаанаар эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдалтай танилцсан. Тус салбарт 32 аж ахуйн нэгж, 16 мянга гаруй хүн ажиллаж байна. Тухайн салбарын дундаж цалин 1.6 сая байдаг бөгөөд сүүлийн хоёр жил нэмэгдээгүй. Манай улс эрчим хүчний нөөцийг долоон хувиар өсгөсөн байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сайжруулж, энэ чиглэлээр ажилласан ч гэсэн тогтвортой байлгахын тулд нөөц эрчим хүч шаардлагатай юм байна.

Атомын эрчим хүчний талаар бодлого баримтлах нь зөв. Цаашид эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх хэрэгтэй. Оюутолгойг хангаж байгаа цахилгааны эх үүсвэрийг өөрсдийн хүчин чадлаар шийдмээр байна. Иргэдийн хэрэглэж байгаа цахилгаан бага. Эрчим хүчний асуудал үүсэхэд иргэдийг буруутгах биш ажлаа сайн хийхийг хүсье. Энэ салбарыг өөр түвшинд аваачих цаг нь болсон.

Чөлөөт бүсийн газар нутгийн байдал, БНХАУ, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээр тодорхойгүй байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Ардчилсан намын зүгээс эрчим хүчний салбарынханд арга барилаа өөрчлөөч гэдгийг хэлсэн. Эрчим хүчний салбар хэзээ мөдгүй зогсох аюултай түвшинд байна. Ачааллаа даахгүй, өртэй, хөрөнгө оруулалтууд алга. Улсын төсөвт мөнгө байгаа. Хэдэн тэрбумаар нь хөшөө, музейд зарж байна. Гэтэл доголдолд орж байгаа салбартаа мөнгө хуваарилахгүй байна.

Бусад орны эрчим хүчний салбарт хэрэглэгдэж байгаа шинэ техник технологийг судалдаг нэгж байна гэдгийг тодруулсан. Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гэж байдаг ч ажил нь олигтой явдаггүй. Гол зүйлдээ мөнгө хуваарилахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна" гэв.