Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Талибанчууд Буддагийн хөшөө байсан хоосон нүхийг жуулчдад $5-аар үзүүлж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Афганистаныг захирч буй шашны хэт үзэлт Талибан хөдөлгөөнийхөн Будда бурхны аварга хөшөөнүүд байрладаг байсан хоосон нүхийг жуулчдад $5-той тэнцэх төлбөрөөр үзүүлж эхэлснийг эх сурвалжууд мэдээлжээ.

Хадан цохионы хананд ухаж сийлбэрлэсэн Буддагийн хоёр хөшөөг 2001 онд Талибанчууд буруу номтны шүтээн гэсэн шалтгаанаар дэлбэлж байв. Тухайн үед НҮБ болон дэлхийн олон улс орнуудын эсэргүүцэл, анхааруулгыг үл хэрэгсэн эртний хөшөөнүүдийг устгасан юм.

38 ба 55 метр өндөртэй хоёр хөшөөг Нийтийн Тооллын 6 дугаар зуунд бүтээж байжээ. Тухайн үед Афганистаны Бамьян нутагт Буддын шашин дэлгэрч, торгоны зам дагуу ариун мөргөлийн газар болж байсан гэдэг.

Бамьяны хөндийг НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО 2003 онд дэлхийн соёлын өвд бүртгэж байжээ.

АНУ-ын дэмжлэгтэй Афганистаны өмнөх засгийн газрын үед ЮНЕСКО Буддагийн хөшөөнөөс үлдсэн дурсгалуудыг хадгалж, хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж байсан юм. Харин энэ оны наймдугаар сарын дундуур Талибанчууд засгийн эрхийг авсны дараа уг хөтөлбөр зогссон байна.

Одоогоор Афганистанд гадаадын жуулчид нэвтрэх боломж бага байгаа тул дотоодын жуулчид Бамьянд голдуу ирж байгаа гэнэ. Тэд Талибаны зэвсэгт харуулаас тасалбар аваад Буддагийн хөшөөнүүд байсан агуйнуудыг үзэж, дурсгалын гэрэл зураг татуулдаг болсон байна.

Гэхдээ жуулчид соёлын үнэт өв дурсгалыг сонирхох гэж биш, Талибанчуудын сүйтгэсэн зүйлийг нүдээр үзэх гэж ирж байгаа нь нууц биш юм. Тухайлбал Кандагар хотоос Бамьянд найзуудтайгаа ирсэн нэг залуу “Хөшөөнүүдийг нураах үед би 7 настай байсан. Тэр үеэс хойш би энд ирж үзэхийг мөрөөддөг байлаа. Хөшөөнүүдийг нураасанд баяртай байна. Би энд яг юу болж өнгөрснийг нүдээр үзэх гэж ирсэн” хэмээн сэтгүүлчид ярьжээ.

 

Эх сурвалж: CBS News