Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэмэлт тунгийн дархлаажуулалт 50-60%-д хүрч, шинэ хувилбар Монголд тархаагүй нөхцөлд сургууль, цэцэрлэгийг танхимд шилжүүлнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газар коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунд хүн амын 50-аас илүү хувь нь хамрагдвал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимд шилжүүлнэ хэмээн арваннэгдүгээр сарын 24-ний өдөр мэдэгдсэн юм.

Гэвч дэлхийн зарим улсад коронавирусийн Омикрон хувилбар бүртгэгдсэнээр гадаад орнууд агаарын хилдээ тодорхой хязгаарлалтыг тогтоож эхэлсэн. Шинээр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Онцгой комисс энэ сарын 27-нд хуралдаж, Омикрон хувилбар бүртгэгдсэн улс орон болон түүгээр дамжин өнгөрсөн гадаад иргэдийг хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн юм.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өмнө нь илэрхийлсэн байр суурь өөрчлөгдсөн эсэхийг Шадар сайд А.Амарсайханаас тодруулахад "Вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалт 50-60 хувьд хүрвэл сургууль цэцэрлэг болон бусад төрлийн үйл ажиллагааг хэвийн түвшинд шилжүүлнэ гэж байр сууриа илэрхийлж байсан. Гэхдээ шинэ мутацад орсон хувилбар буюу дельта хувилбараас өөр хор хөнөөлтэй хувилбар манай улсад тархаагүй тохиолдолд дээрх арга хэмжээг хэрэгжүүлж, хэвийн горимд шилжинэ. Цаашид яах вэ гэдэг нь шинэ хувилбарын судалгаа, хоруу чанарын талаар мэдэгдсэнээр тодорхой болно" гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавируст халдвараас сэргийлэхийн тулд 

  • хүн хоорондын зай баримтлах 
  • өөрт тохирсон амны хаалт зүүх
  • цонхоо онгойлгон, агаар сэлгэж байх
  • олон нийтийн газар болон агааржуулалт тааруу газарт очихоос зайлсхийх
  • гараа ариутгах
  • ханиалгах, найтаах үедээ цаасан алчуур хэрэглэж байх
  • дархлаажуулалтад хамрагдах зэргийг зөвлөж байна.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/240279391504970