Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Украины ерөнхийлөгч орос хүмүүсийн оролцоотой төрийн эргэлт хийх хуйвалдааныг илрүүлснээ мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ирэх долоо хоногт тус улсад төрийн эргэлт зохион байгуулахаар хуйвалдаж байсныг илрүүлснээ өчигдөр мэдээлжээ.

Түүний хэлснээр энэхүү төлөвлөгөөнд Украины хамгийн том бизнесмэн Ринат Ахметовыг оролцуулахаар тохиролцож буй хэсэг орос хүмүүсийн ярианы бичлэгийг Украины тагнуулын албаныхан олж авсан гэнэ.

Зеленский уг хуйвалдааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүйгээс гадна үүнд Кремлийн эрх баригчдыг шууд холбохоос зайлсхийсэн байна.

“Бидэнд ОХУ-ын зүгээс учруулж буй аюул заналаас гадна дотоодын томоохон сорилтууд тулгарч байна. Арванхоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд манай улсад төрийн эргэлт зохион байгуулахаар бэлдэж буй тухай мэдээллийг би авлаа” гэж Зеленский хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Украины хамгийн баян хүмүүсийн нэг Ахметов “Намайг ямар нэг төрийн эсрэг хуйвалдаанд оролцсон тухай Володимир Зеленскийн олон нийтэд хийсэн мэдэгдэл ямар ч үндэслэлгүй юм. Ерөнхийлөгч ямар зорилгоор ийм худал мэдээ тарааж буйг би мэдэхгүй байна. Украины иргэнийхээ хувьд, улсынхаа хамгийн том татвар төлөгч, хамгийн том ажил олгогчийн хувьд би чөлөөт Украин, чөлөөт эдийн засаг, ардчилал, үг хэлэх эрх чөлөөний төлөө үргэлжлүүлэн тэмцэх болно” гэж сүүлд мэдэгдсэн байна.

Сэтгүүлчид Зеленскийгээс уг хуйвалдаанд Кремлийн эрх баригчид оролцсон эсэхийг асуухад тэр “Уучлаарай. Би үүнийг хэлэх боломжгүй” гэж хариулжээ.

Гэхдээ тэр энэ хурлын үеэр ОХУ-ын цэрэг зэвсгийн аюул заналын талаар, үүнд Украин улс бэлэн байгаа тухай нэлээд урт сунжруулан ярьсан юм.

“Бид хил хязгаараа бүрэн хянаж, ямар ч халдлагад бүрэн бэлтгэлтэй байгаа” гэж тэр энэ үеэр хэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Украины цэргийн тагнуулын албаны тэргүүн “Military Times” сонинд ярилцлага өгөхдөө хилийнх нь орчимд Оросын 92,000 гаруй цэрэг байрлаж, ирэх оны нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр довтлохоор бэлдэж буйг мэдээлж байв.

Телевизийн алдартай цувралд ерөнхийлөгчийн дүрд тоглож алдаршсан 43 настай Зеленский 2019 онд Украин улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Сонгогдохдоо тэрбээр дорнод Украинд үргэлжилж салан тусгаарлах дайныг зогсоохоо амлаж байв. Уг дайнд 14,000 орчим хүний амь үрэгдсэн тухай Украины тал мэдээлдэг.

 

Эх сурвалж: Reuters