Нийслэлд Монгол Улсын хүн амын 47.5 хувь нь амьдарч байна.
Нийслэлийн хүн амын хэрэгцээнд нийлүүлж буй махны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад дунджаар 18 хувь өсөж, хэрэглээний индексээр илэрхийлсэн инфляцын 2.1 нэгжийг бүрдүүлж байна. Иймд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран нийслэлийн хүн амын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилгоор "Өвлийн идэш" арга хэмжээг нэг сарын хугацаанд гурван үе шаттай зохион байгуулах ба эхний ээлжид өргөтгөсөн худалдааг 2021 оны арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Энэхүү арга хэмжээний үеэр мал амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсийн 17 аймгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл малын мах, сүү цагаан идээг борлуулахаас гадна шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаалах юм. Түүнчлэн нийслэлийн иргэдийн цагийг хэмнэх үүднээс Монгол шуудан компани хэрэглэгчийн захиалгын дагуу өвлийн идшийг орон нутгаас тээвэрлэн Төв цэнгэлдэх хүрээлэн эсхүл таны гэрт шууд хүргэх шуудангийн үйлчилгээг үзүүлнэ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
Гэрэл зургийг mpa.mn