Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Эрдоган байр сууриа хамгаалсны дараа Туркийн лирийн ханш 15 хувиар уналаа

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган бодлогын хүүг бууруулах байр сууриа хамгаалсан мэдэгдэл хийсэн юм. Үүний дараа Туркийн үндэсний валют лирийн ам.доллартай харьцах ханш 15 хувиар унажээ.

Уналтын оргил үед нэг ам.доллар 13 лиртэй тэнцэж, дараа нь бага зэрэг сэргэсэн байна. Сүүлийн 11 өдрийн турш лирийн ханш тасралтгүй унаж байгаа нь 1999 оноос хойш ажиглагдсан хамгийн муу үзүүлэлт юм. Эдийн засгаа сэргээхийн тулд бодлогын хүүг бууруулах шаардлагатай гэж Эрдоган үзэж байгаа. Тэрбээр энэ байр сууриа тууштай хамгаалж, шүүмжлэгчдийн үгийг огт хайхрахгүй байгаа юм.

Тэрбээр энэ оны есдүгээр сараас хойш гурван удаа бодлогын хүүг бууруулах даалгаврыг Туркийн төв банкны удирдлагуудад өгөөд байна. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт ийм чиглэл өгсөн юм.

Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар Эрдоганы шийдвэрийн улмаас Туркийн инфляц 20 хувьд хүрээд байгаа гэнэ. Энэ оны эхнээс лирийн ханш 45 орчим хувиар унаж, дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валют болоод байна.

Бодлогын хүүг эрчимтэй өсгөж байсан Туркийн төв банкны өмнөх ерөнхийлөгч Начи Агбалыг гуравдугаар сард Эрдоган огцруулсан бөгөөд дараа нь хоёр дэд ерөнхийлөгчийг нь бас дараалан огцруулж байв.

Одоо Эрдоган төв банкныхаа удирдлагыг бүрэн гартаа аваад байна. “Манай улсын эдийн засгийг доройтуулж, ажилгүйдлийг нэмэгдүүлж, ядуурал, өлсгөлөнг гааруулах бодлогыг би хүлээн зөвшөөрөхгүй” гэж Эрдоган засгийн газрынхаа хуралдааны үеэр хэлжээ.

Эрдоган болон түүний талынхан бодлогын хүүг бууруулснаар Туркийн экспорт, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ гэсэн эргэлзээтэй онол ярьж байгаа.

Гэвч эдийн засагчдын ихэнх нь үүнийг үгүйсгэж байна. Тэдний онолоор бодлогын хүүг өсгөвөл хүмүүс зардлаа багасгаж, мөнгөө хадгалах сонирхолтой болдог ба үүний үр дүнд бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт удаашрах ёстой гэнэ.

Өнгөрсөн сард ажлаасаа халагдсан төв банкны дэд ерөнхийлөгч асан Семих Тюмен “Амжилт олох ямар ч боломжгүй эрүүл бус туршилтаа яаралтай зогсоож, Туркийн лирийн үнэ цэнийг хамгаалах, Туркийн ард иргэдийн аж амьдралыг сайжруулах зөв бодлогод даруй шилжих шаардлагатай байна” гэж твиттер хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: BBC