Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

JPMorgan банкны гүйцэтгэх захирал ХКН-ын талаар хошигнол хэлсэндээ харамсал илэрхийлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Америкийн томоохон банк JPMorgan-ий гүйцэтгэх захирал Жэймс Даймон нэгэн арга хэмжээнд үг хэлэхдээ “Би саяхан Хонконгт очихдоо ‘100 жилийн ойгоо тэмдэглэж буй Хятадын Коммунист Нам манай банктай нас чацуу юм. Гэхдээ бид илүү урт наслах байх’ гэж хошигнож байлаа” хэмээн ярьжээ.

Дараа нь тэр “Би энэ хошигнолыг Хятадад байхдаа хэлж чадахгүй. Учир нь тэд намайг чагнах нь гарцаагүй” гэж ярьсан юм.

Тэгвэл өчигдөр Даймон энэхүү хошигнолыг хэлсэндээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. JPMorgan банкнаас гаргасан албан ёсны мэдэгдэлд тэр “Би ийм зүйл ярьсандаа харамсаж байна. Компанийнхаа хүч чадал, оршин тогтнох чадварыг илэрхийлэх гэхдээ ийм алдаа гаргалаа” гэжээ.

JPMorgan банкны хувьд Хятадын зах зээл маш чухалд тооцогддог. Энэ оны наймдугаар сард тус банк Хятад дахь үнэт цаасны брокерын салбараа бүтэн эзэмших зөвшөөрлийг Бээжингийн эрх баригчдаас авсан нь гадаадын компаниудын хувьд анхны тохиолдол болж байв.

Даймоны хэлсэн хошигнолын талаар сэтгүүлчид Лхагва гарагт Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянаас асуухад “Хүмүүсийн анхаарлыг татахын тулд ийм зүйл ярих үнэхээр хэрэгтэй байсан гэж үү?” хэмээн хариулжээ.

Өрнөдийн компаниуд чухал зах зээлээ алдахгүйн тулд Хятадын эрх баригчдын талаар болгоомжтой ярьж, алдаа гаргасан бол даруй залруулах тохиолдол түгээмэл байдаг.

JPMorgan банкны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр хэлэхдээ гүйцэтгэх захирал нь “аль нэг улс орон, түүний удирдагчдын талаар хөнгөн, хүндэтгэлгүй ярих ёсгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа” гэжээ.

 

Эх сурвалж: Reuters