Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэл зүйчдийг Францын их сургуулиудад сургаж, туршлага солилцох тал дээр хамтран ажиллахыг хүслээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
БШУЯ

Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиан Суруныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр хүлээн авч уулзлаа.

Монгол, Франц хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны 95 жилийн ой энэ жил тохиож байна. Тодруулбал, 1926 онд Монголоос анхны зургаан оюутан Францад очиж суралцаж байсан түүхтэйг уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд онцлов.

Монгол, Франц хоёр улсын Засгийн газар хооронд 2015 онд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Франц Улсын их, дээд сургуулийн магистрантурт жил бүр 10 оюутныг тэтгэлгээр суралцуулдаг. Энэ квотыг нэмэгдүүлж анагаах ухаан, уул уурхай, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тээвэр ложистикийн чиглэлээр магистрантур, доктрантурт суралцаж буй оюутнуудыг тэтгэлгээр суралцуулахад дэмжлэг үзүүлэхийг уулзалтын үеэр Л.Энх-Амгалан сайд илэрхийллээ.

Энэ жилээс ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулж эхэлж байгаа. Уг ажлын хүрээнд Францын Бордугийн их сургуультай хамтран зайны сургалтыг зохион байгуулсан. Цаашид сэтгэл зүйчдийг Францын их сургуулиудад сургаж, туршлага солилцох тал дээр хамтран ажиллахыг хүслээ.

Элчин сайд Сэбастиан Сурун Боловсрол, шинжлэх ухааны салбарт урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахаа мэдэгдээд ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуульд Франц хэлний хичээл зааж байгаа явдалд талархаж буйгаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: БШУЯ