Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Шинэцэцэг: Хийж чадах зүйлээ л МАШ САЙН хийдэг байхад боловсролын түвшин чухал биш

ikon.mn
2021 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэх Монгол ардын үг бий. Хүүхдийг зөв хүмүүжил, зөв хандлага-сэтгэлгээ, зөв бодолтой болгохын тулд багаас нь сургаж, чиглүүлж зөвлөх учиртай. Тэгвэл эл асуудлаар бид Байгаль орчны мэдээлэл, сургалтын төвийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэгтэй ярилцлаа.

- Хоёулаа яриагаа ИРЭЭДҮЙГ ТӨСӨӨЛЖ эхлүүлье. 10 жилийн дараа хүмүүсийн харилцаа, хандлага, дадал хэвшил, хүний хөгжил, байгаль орчин ямар түвшинд хүрсэн байх бол?

- Хэцүү л дээ. Гэхдээ эерэг талаас нь төсөөлье. Нэг л мэдэхэд 2030 он болно. Энэ үед хүмүүс илүү хөгжиж, боловсорсон (тодруулбал сүүлийн үеийн судлаачдын үзэж байгаагаар боловсрол бол соёл) байх болов уу. Гэхдээ мэдлэгээс илүүтэй зөв хүн байх, эрх-тэгш оролцоотой болох, дадал хэвшил, хандлага нь өөрчлөгдөж энгийн зүйл рүү тэмүүлсэн, элдэв чамирхлыг халсан, үйлдэл бүрээрээ эх дэлхийгээ хайрлах амьдралын ухаанд суралцсан байгаасай гэж хүсэж байна.

Нийгэм, цаг үе өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Дараагийн шинэ үеийнхэн буюу альфа-дижитал төрж, эхнээсээ сургуульд орж эхэллээ. Өнөөдрийн шинэхэн сурагчид 2030 онд амьдралд хөлд тавина. Тэднээс бүх зүйл шалтгаална. Тэд өөрчлөлтийг бүтээсэн байх болов уу. Хамгийн гол нь одооноос л эхлэх ёстой юм.

- Өнөөдрийн үйлдэл, шийдвэр төсөөлсөн ирээдүйг бүтээх тул ийн асуулаа. Таны төсөөллийн ирээдүйг бүтээх алхам /эхлэл/ өнөөдөр тавигдсан болов уу? эсвэл...

- Дэлхий нийт тогтвортой хөгжлийн 17 зорилгоо тунхаглаж, ирэх 15 жилийн дараа хүрэх цэгээ тодорхойлсон ба “хөгжлөөс хэнийг ч үлдээхгүй байх”-ыг дэлхий нийт чиг хандлагаа болгож байна. Өнөөдөр бидний амнаас өдөр тутам гардаг үг бол хөгжил-өөрчлөлт. Энэхүү өөрчлөлтийг боловсролоор дамжуулан олгох ёстой. Иймд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр БОАЖЯ, БШУЯ хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийг хэрэгжүүлж байна. Эл төслийн гол зорилго нь дээрх бидний төсөөлөлд хүрэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Төслийн эхний үе шат 2015-2018 онд хэрэгжсэн. Энэ хүрээнд ерөнхий боловсролын загвар 30 сургуульд тогтвортой хөгжлийн боловсролын талаарх үзэл санааг сургалтын хэрэглэгдэхүүнд тусгаж, багш нараа сургах, мэдээлэл өгөхөд чиглэн ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн билээ.

Тухайлбал, ерөнхий эрдмийн хичээлд хэрхэн яаж тогтвортой хөгжлийн талаарх ойлголт, үзэл санааг тусгах вэ гэдэгт анхаарсан.

Математикийн хичээлээр үзэж байгаа томьёонууд өдөр тутмын усны хэрэглээг тооцоход яаж хэрэглэгдэх, Монгол хэлний хичээл дээр судалж байгаа эхэд Монгол улсын цөлжилт, бэлчээрийн доройтлыг бууруулахад олон нийт, иргэдийн оролцоог иш татаж баяжуулснаараа хүүхдүүд шинжлэх ухаанч арга барилд суралцана.

Мөн хувь хүн болж хөгжих асуудлуудыг дэмжихэд “Тогтвортой хөгжлийн боловсрол” оршиж байгаа юм.

Улс орон даяар “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг боловсрол олгогчид маань сайн ойлгож авсан. Харин хоёр дахь шатны төсөл нь тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг болж, үйл ажиллагаа болон арга барилдаа шингээх явдал юм.  Тодруулбал, энэхүү төслийн үр дүнд үлдэх хамгийн  гол үнэт зүйл бол  боловсролын болон байгаль орчны салбарын байгууллагууд  үндсэн үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн зорилго, зорилтын хүрээнд яригдаж, хэрэгжих бүхий л асуудлуудыг тусгаж, дэмжиж ажиллах ёстой болж байна.

Ийнхүү бүх түвшинд хийсэн, хэрэгжүүлсэн ажлаа бусдад энгийнээр тайлбарлаж ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх, сургах болон харилцан суралцах зарчмаар хандвал “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн үндсэн зорилго нь биелж байгаа юм.

- БОМСТ орон нутгийн сургуулиудад сургалт хийх, сургалтын арга барил, туршлагаа солилцдог. Ямар бодит үр дүн гарсан бэ? Угтаа бол Тогтвортой хөгжлийн боловсрол нүүдэлчин соёл уламжлалтай Монголчуудад тун ойрхон ойлголт шүү дээ?

- Төслийн зорилтот сургуулиуд болон бусад сургууль, цэцэрлэгийн алинд ч очсон бодит үр дүн харагдаж байна. Тухайн сургуулиуд маань сургуулийнхаа орчноо тогтвортой хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд юуг шийдвэрлэх ёстой вэ? гэх үнэлгээг хийж сурсан. Энэ бол хамгийн том чадвар. Бүгдийг нэгэн зэрэг биш хамгийн чухлыг нь олж, шийдвэрлэх мэдлэг, чадварыг эзэмшихэд нь бидний зүгээс дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг. Энэ үр дүнг “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн загвар 30 сургуулиас харж болно. Үүний тод жишээ бол  Архангай аймгийн Батцэнгэл сумын ерөнхий боловсролын сургууль юм.

Тус сургууль “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үйл ажиллагааны хүрээнд “нийтийн халуун ус” ажиллуулж эхэлсэн. Бид сургалтын агуулгаа дэд бүтцийн төсөлтэй холбон тухайн суманд тулгарсан том асуудлыг шийдвэрлэж чадлаа.  Тус суманд ганцхан нийтийн халуун устай, хэзээ ажиллах нь тодорхойгүй байсан. Гэтэл 15 настай хүүхэд дэлхийн хамгийн чухал хүмүүсийн нэгт тооцогддог. Яагаад гэвэл одоогийн 10-15 настай хүүхдүүдийн мэдлэг, чадвар, хандлага сэтгэлгээнээс дараагийн 15 жил нь шалтгаалдаг. Эдгээр хүүхдүүд 21-р зуунд долоо хоногтоо нэг удаа усанд орох боломжоор хангагдаж чадахгүй байна гэдэг нь тухайн хүүхдийн цаашид тогтвортой хөгжихөд нөлөөлөхүйц хамгийн том эмзэг цэг нь юм. Харин тухайн сургууль үнэлгээ хийж хамгийн эмзэг асуудал буюу гол шийдвэрлэх хөшүүрэг цэгээ олж тогтоосон явдал.

 

Ингэж нийгмийн асуудлыг шийдэж эхэлж байна. Тэгвэл цаашид хүүхдүүд нэг удаа шүршүүрт орохдоо 5 минут зарцуулах дадалд суралцаж,  шүршүүрт 5 минутад ороход хэдэн литр ус зарцуулдаг зэрэг мэдээлэлтэй болно. Мөн шүршүүрийг нэг температураар онгойж хаагддаг технологийг судлан суурилуулахаар төлөвлөж байна. Үүнээс үүдэн усны үр ашиггүй хэрэглээг багасгаснаар ус, тогны нэмэлт зардлууд буурна. Өөрөөр хэлбэл нэг чухал асуудлаа олж харж чадах нь бусад олон асуудлаа давхар шийдэх гол хөшүүрэг болно. Эдгээрийг тухайн сургуулийн баг оновчтойгоор олж тогтоон шийдвэрлэж чадаж байгаад гол үнэ цэнэ оршиж байгаа юм.

Мөн Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургууль хоёр га талбайд ногоо тарьж байна. Сургуулийн багш, хүүхдүүд хамтдаа ногоо тарихаас гадна сургуулийн хашаандаа өвлийн зоорьтой болж өөрсдийн тарьсан ногоогоо хэрэглэж эхэлжээ. Сургууль нь тарьсан ногоог худалдан авч багш, сурагчдынхаа үйл ажиллагааг дэмжихээс гадна органик хүнсийг хүүхдүүдийн үдийн хоолонд хэрэглэж байна.

Түүнчлэн Хэнтийн аймгийн Галшар сумын сургууль нь “Өв уламжлалын өргөө” байгуулж, сум-орон нутгийн хүүхэд, залуучууд, иргэд, олон нийтэд танин мэдэхүйн мэдээлэл өгч, хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байна.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын сургууль Урианхайн өв соёлын биет болон биет бус өвийг авч үлдэж, эрт дээр үеэс хадгалагдан, үе дамжин хэрэглэгдэж ирсэн эд өлгийн зүйлээр үзэсгэлэн гаргаж сурталчлан таниулж, сургалтын орчин байгуулж, сургалт-үйл ажиллагаанд байнга хэрэглэх, дараагийн 15 жилд улс орноо аваад явах хүүхэд багачуудад эзэмшүүлж байгаа нь үнэхээр гайхамшигтай ажлын эхлэлийг хамт олноороо тавьжээ. Түүнчлэн сумын иргэд гэр хашаандаа жижигхэн тохижилт хийж сайхан амьдарч болдгийг харуулж байна.

Энэ бол нийгэм, эдийн засаг, байгаль орчин тусдаа асуудал биш бөгөөд нягт уялдаа холбоотой юм гэдгийг харуулж байгаа жишээ юм. “Тогтвортой хөгжлийн боловсрол” нь хэн байхаас илүүтэй ХҮН байх гэдэг ойлголтыг илэрхийлнэ. Хамгийн сайн хийж чадах зүйлээ л маш сайн хийж чаддаг байхад боловсролын төвшин ямар байх нь хамаагүй гэдгийг онцолж хэлмээр байна.

Цаг хугацаа бүхнийг илтгэнэ

- Таны хэлээд байгаа өөрчлөлтийг дан ганц сургууль, багш, хүүхдүүд эсвэл боловсролын байгууллага хийх бус хамтын хүчээр хийж үр дүнд хүрэх болов уу?

- Цаг хугацааг бид алттай зүйрлэдэг. Цаг хугацаа дахиж олдоггүйтэй адил өнөөдөр бид эхлүүлэхгүй бол магад оройтож мэднэ. Урт хугацааны өөрчлөлт л дөө. Тухайлбал, бид "Эко сургууль" хөтөлбөрийг 10 жил ярьсны эцэст өнөөдөр л сургууль, цэцэрлэгүүд "Эко сургууль" хөтөлбөрт нэгдэж байна. Цэцэрлэг, сургуулийн хашаагаар ороход бүх зүйл эмх цэгцтэй байгааг харж болно. Өмнө нь сургууль, цэцэрлэгийн гадна талбайн орчныг дан ганц байгальтай холбож зөвхөн мод тарьдаг байлаа. Энэ нь хүүхэд тоглох нөхцөл бүрдээгүй байсан. Үүнийг “гадаад орчин-хүүхэд хөгжлийн орчин” болгож өөрчлөн сайжруулахад бидний зүгээс дэмжлэг үзүүлж хамтарч байна. Тоглоомын талбай болон ногоон байгууламж,  спорт тоглоомын хэсэг эдгээр бүгд нийлж “хүүхэд хөгжлийн орчин”   тухтай орчин болдог гэдгийг сургуулийн баг хамт олон, сургуулийн удирдлагууд, эцэг эх, хүүхдүүд, багш нар ойлгож, хэрэгжүүлж байна. Бидний хамтын ажиллагаа, байнгын тасралтгүй мэргэжлийн дэмжлэг туслалцаа 10 жилийн дараа эхнээсээ тодорхой үр дүнгүүд гарч байна. Хүний хандлага, сэтгэлгээ, бий болсон соёлыг өөрчилнө гэдэг маш их цаг хугацаа, хүч нөөцийг зарцуулдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ  байх. Тодруулбал,  Ирланд, Англи зэрэг өндөр хөгжилтэй улс орнууд бүх цэцэрлэгээ “Эко цэцэрлэг” болгосны 25 жилийн ойгоо өнгөрсөн жил тэмдэглэлээ. Зарим улс орнууд 25 жил тасралтгүй зүтгэж байж тэр өөрчлөлтийг бий болгож байна. Нэгэнтээ суурь хүмүүжил, тархинд бий болсон ойлголт, хандлагыг богино хугацаанд өөрчилж чадахгүй. Хүн дотоод ертөнцдөө мод тарьж, цэцэг ургуулж байгаа эсэх, эс бөгөөс хүйтэн манан татсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Тэгвэл энэ бүхнийг зөв зам руу хөтөлж, чиглүүлэхэд хүн бүрийн оролцоо-манлайлал чухал юм.

"Бид хамтдаа өөрчилж чадна"

- Үйл ажиллагааныхаа зорилгоо “Бид хамтдаа өөрчилж чадна” хэмээн тунхаглажээ? Энэ талаар...

- Юуг ч, хэзээ ч бид өөрчилж чадна. Гагцхүү хүсэл, тэмүүлэл, хамтын ажиллагаа байхад хангалттай. Энгийнээр тайлбарлавал, Хэрвээ бид ганцхан киловатт цагаар өдрийн эрчим хүчнийхээ хэрэглээг бууруулбал 7.5 тэрбум хүн өдөрт 7.5 тэрбум киловатт цаг эрчим хүчийг хэмнэж чадна гэсэн үг. Үүний дүнд хэчнээн хэмжээний нүүрстөрөгч агаар мандалд цацагдахыг бууруулж чадах бол. Хүн болгон өдөрт нэг литр хэрэггүй урсгадаг усаа хэмнэж чадваас өдөрт 7.5 тэрбум литр ус, зөвхөн Монголд гурван сая литр ус хэмнэнэ. Үүнийг бий болгох гэж олон хүн ажиллаж, хөдөлмөрлөдөг, хүртэж чадахгүй нийгмийн эмзэг давхаргууд хэр байгаа билээ. Бодох л асуудал. Иймд бид нарын хамтын өөрчлөлт шууд хамааралтай юм. Намайг үүнийг хийсэн ч хэн ч харахгүй мэт хандаж болохгүй. Та энэ бүгдийг хийснээр өөрийгөө өөрчилж чадахын зэрэгцээ бусдад нөлөөлж,  бид хамтдаа бүх зүйлийг өөрчилж чадна.

 

А.Тамир