Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

П.Цэрэндагва: Төрдөө үнсүүлж байгаадаа сэтгэл хөөрч, огшиж байна                  Н.Сувд: Үзэгч та бүхэндээ маш их баярлалаа

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Улсын Драмын эрдмийн театрын 90 жилийн ойг тохиолдуулан уран бүтээлчдэд төрийн дээд шагнал, одон медаль гардууллаа.

Өнөөдөр Хөдөлмөрийн баатар болж буй Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарын сэтгэгдлийг онцлон хүргэж байна.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва "Төрдөө гурав дахь удаагаа үнсүүлж байна. Энэ бүрдээ надаас өр нэхэлгүй хишгээ хүртээсэнд сэтгэл их өег байна. Төрдөө үнсүүлнэ гэдэг бол сэтгэл хөөрч, огшихын зэрэгцээ бодож санаж тунгаах зүйл их байна.

Үе үеийг өртөөлөн энэ театрыг өдийг хүртэл авч явсан уран бүтээлчдэдээ нэгэнтээ мөргөе.
Зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж, Монголын театрын урлагийн оргил үеийг нэгэнтээ эзэгнэж явсан үеийнхэндээ нэгэнтээ мөргөе.
Ачааны хүндийн үүрэхэд бэлэн жагсаж байгаа залгамж үеийнхэндээ нэгэнтээ мөргөе. 

Сэтгэл хөөрөхгүй, огшихгүй байхын арга алга. Гэхдээ тунгааж бодохоо мартаагүй гэдгээ хэлэхийг хүсэж байна. Үзэгч түмнийхээ итгэл сэтгэлийг үүрч дүүрч явах хүний ноён нуруутай байх болно гэдгээ хэлье. Ханьдаа их баярлаж байна. Аливаа юмны ар талд хань байдаг гэдгийг та бүхэн ойлгож, ухаарч мэдэх байх. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард тань хань нь байдаг. Гурван хүүхдийг минь тээж төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа. Та бүхэн бие эрүүл, ухаан саруул, сэтгэл уужим, зүтгэл шулуун, итгэл бат байж, үйлс буян дэлгэрэхийн өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье" гэв.

Н.Сувд: Ахмадуудын маань хөлс хүч, уран бүтээл өнөөдөр бид нарт энэ их баярыг авчирч байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд "Маш их баярлалаа. Тэнгэрээс харж буй ахмадууддаа баярлалаа. Театрыг үүсгэн байгуулах гэж өөрсдийн хөрөнгө хүч, авьяас билгээ бүгдийг нь зориулсан ахмадууд маань биднийг харж баярлаж байгаа байх. Тэдний маань хөлс хүч, уран бүтээл өнөөдөр бид нарт энэ их баярыг авчирч байна. Их баярлалаа. Үзэгч та бүхэндээ мөн маш их талархаж байна. Хамт ажилладаг бүх хүндээ баярлалаа" гэлээ.