Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Лорина Роллс: Дэлхий дахинд өдөр бүр 137 эмэгтэй хүчирхийллээс болж гэртээ амь насаа алдаж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аян жил бүр арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-нд болдог билээ. 

Өдгөө 30 дахь жилдээ болох гэж буй энэхүү аяныг "Жендерт суурилсан хүчирхийлэл хүн бүрд хамаатай" гэсэн ерөнхий сэдвийн дор зохион байгуулах аж. Энэ талаар НҮБ-ын Хүн амын сангаас хэвлэлийн хурал хийлээ.

НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Лорина Роллс "Жендерт суурилсан хүчирхийлэл нь хүн бүхэнд хамаатай. Үүнийг дуугүй өнгөрөөх нь улам даамжруулах, охид бүсгүйчүүдэд хөнөөлтэй явдлыг өөхшүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. 

Энэ жил бид хөвгүүд, залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг манлайллыг бий болгохыг зорьж байна. Жендерт суурилсан хүчирхийллийг зогсооход хүн бүхэн хүчин чармайлт гаргах учиртай. Тийм ч учраас Засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн агентлагууд, олон нийтийн оролцооны байгууллагууд бүгд хамтран ажиллахыг уриалж байна" гэлээ.

"Монгол эмэгтэйчүүдийн 31.2 хувь нь амьдралынхаа аль нэг үед бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна"

Мөн тэрбээр Монгол Улс дахь нөхцөл байдлыг танилцууллаа. 

Хатагтай Лорина Роллс "Монгол Улс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаа баталсан. 2018 онд Жендерт суурилсан хүчирхийллийн анхны судалгааны дүнг танилцуулж байсан юм. Судалгааны дүнгээс үзэхэд эмэгтэйчүүдийн 31.2 хувь нь амьдралынхаа аль нэг үед дотно хамтрагчийнхаа үйлдсэн бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.

Цаашилбал, бусдын зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд 17.3 хувь нь, бэлгийн хүчирхийлэлд 14 хувь нь өртжээ. Мөн бусдын зүгээс үйлдсэн хүчирхийллийн дийлэнхийг гэр бүлийн аль нэг гишүүн үйлдсэн байна. 

Цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор гэр бүлийн орчинд хүчирхийлэл гарч буй тохиолдол их байна. Ялангуяа хөл хорионы үед 2020 онд болон 2021 оны эхээр нэлээд нэмэгдсэн. Мөн сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн болон хүнд гэмт хэргийн гаралт буурч байгаа мэт боловч нөгөө талаар эмэгтэйчүүд цагдаад мэдээлэхгүй, мэдэгдэхгүй байгаа гэж үзэж болохоор байна" гэсэн юм. 

Түүнчлэн "Нийгэмд хүчирхийлэлд өртөгч нь сул дорой, ноомой, хүлцэнгүй гэх мэтээр нийтлэг ойлгодог. Гэвч олон нийтийн дунд байдаг нийтлэг дүрслэлээс үл хамааран энэ хүн хүчирхийллийн хохирогч, энэ нь хүчирхийлэгч юм байна гэж тодорхойлох боломжгүй байдаг. Ямар ч хүн хүчирхийлэгч байж магадгүй, хүчирхийлэлд хэн ч өртөж болзошгүй. Иймээс олон нийт хүчээ нэгтгэж, хэвшмэл ойлголтыг халахын төлөө хичээх хэрэгтэй байна.

КОВИД-19 цар тахал гарснаас хойш дэлхий даяар хүчирхийлэл нэмэгдсэн. Дэлхий дахинд өдөр бүр 137 эмэгтэй хүчирхийллээс болж гэртээ амь насаа алдаж байна" хэмээв.