Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засаг нь сүйрсэн Афганистанд охидыг гэрлүүлэх явдал огцом нэмэгджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Ажилгүй болж, өрөнд баригдсан афганчууд бага насны охидоо гэрлүүлж, инжний мөнгөөр нь амьдрах болсон тухай Афганистан дахь эх сурвалжууд мэдээлж байна.

Тоосгоны үйлдвэрт ажилладаг Кабулын оршин суугч Фазал өнгөрсөн сард 13 ба 15 настай хоёр охиноо тэднээс доод тал нь хоёр дахин ах эрчүүдтэй гэрлүүлж, инжинд нь нийт $3,000 орчмыг авснаа хэвлэлд ярьжээ.

Хэрвээ цаашид мөнгөө дуусгавал долоон настай бага охиноо мөн гэрлүүлэхээс өөр аргагүй болох тухай тэр ярьсан байна.

“Гэр бүлээ тэжээж, өрөө дарахын тулд ингэхээс өөр ямар ч арга алга. Би өөр юу хийж чадах билээ? Одоо бага охиноо ийм замаар оруулчихгүй юмсан гэж хичээж байна” гэж тэр Ройтерс агентлагийн сэтгүүлчтэй уулзахдаа ярьжээ.

Өмнө нь Афганистанд насанд хүрээгүй охидыг гэрлүүлэх явдал түгээмэл байсан ч энэ оны наймдугаар сард Талибанчууд засгийн эрхийг авснаас хойш ийм үзэгдэл огцом нэмэгдсэн байна. Тэр ч байтугай нялх бага насны охидоо ирээдүйг гэрлүүлэхээр тохиролцоод инжний мөнгийг нь урьдчилж авдаг болжээ.

Ойрын үед ийм үзэгдэл Талибаны дэглэмийн өмнөх үеэс хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгааг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгч мэдээлсэн байна.

“Ийм түүх сонсохоор миний зүрх хуваагдах шиг болдог. Энэ бол гэрлэлт биш, хүүхдийн хүчирхийлэл юм” гэж Афганистаны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Вазма Фрог ярьжээ.

Хамгийн бага нь төрөөд ердөө 20 хонож буй охиныг ирээдүйд гэрлүүлэх тохиролцоотой инжээр сольсон тохиолдол байгааг НҮБ-ын хүүхдийн сан Юнисеф мэдээлсэн байна.

Эдийн засгийн гүн хямралд орсон Афганистанд хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлэснийг тус байгууллага саяхан мэдэгджээ.

Олон сая афганчууд өлсгөлөнгийн ирмэг дээр амьдарч, 2022 оны дунд үе гэхэд нийт айл өрхүүдийн 97 хувь ядуурлын түвшинд шилжихээр байгааг НҮБ-ын мэргэжилтнүүд тооцоолсон байна.

Талибаны дэглэм тогтсоны дараа Афганистанд үзүүлдэг олон улсын тусламжууд зогсож, гадаад дансан дахь их хэмжээний хөрөнгө мөнгө нь царцсан юм.

Охидоо гэрлүүлэхээс гадна амьдрах аргагүй болсон гэр бүлүүд хүүхдүүдээ өрөнд өгөх, боол болгох явдал Афганистаны зах хязгаар нутгуудад гарч байгааг Вазма Фрог ярьжээ.

Талибаны дэглэмээс өмнө Афганистанд гэрлэлтийн доод нас 16 байсан нь олон улсын дунджаас доогуур үзүүлэлт юм. Талибанчуудын дагадаг Исламын шашны Шариатын хуульд гэрлэлтийн доод насыг заагаагүй байдаг нь насанд хүрээгүй охидыг хүчээр гэрлүүлэх явдлыг улам нэмэгдүүлсэн хэмээн хүний эрхийн байгууллагууд үзэж байна.

 

Эх сурвалж: Reuters