Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Шатахууны үнийн өсөлтийг хязгаарлахын тулд АНУ нөөцөөсөө 50 сая баррель газрын тос гаргалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа зах зээлийн үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор стратегийн нөөцөөсөө 50 сая баррель газрын тос гаргахаар болжээ.

АНУ түүхэндээ хэзээ ч ийм хэмжээний газрын тосыг стратегийн нөөцөөсөө гаргаж байгаагүй юм.

Гэхдээ уг арга хэмжээ нь бензин шатахууны үнийг нэг шөнийн дотор буулгахгүйг Байден анхааруулсан байна.

“Хэсэг хугацааны дараа шатахуун авах үедээ үнэ буурсныг та бүхэн мэдрэх болно. Алсдаа бид газрын тосноос хамааралгүй болж, цэвэр эрчим хүчинд шилжих ёстой” гэж Байден мэдэгджээ.

2019 онд АНУ-ын шатахууны хэрэглээ өдөрт 20.5 сая баррель, 2020 онд 18.1 сая баррель газрын тос байсныг тус улсын эрчим хүчний яамнаас гаргасан тоо баримт харуулж байна. Цар тахлын нөлөөгөөр 2020 онд хэрэглээ буурч байжээ.

Эндээс харвал Байдены авсан арга хэмжээ зах зээлийн үнийн өсөлтөд нөлөөлөх эсэх нь эргэлзээтэй юм. Албаныхны тооцоолсноор стратегийн нөөцөөс гаргасан газрын тосны нөлөө арванхоёрдугаар сарын дундуур зах зээлд мэдрэгдэх гэнэ.

Байдены засаг захиргаа дэлхийн хэд хэдэн орны засгийн газартай ярилцаж тохиролцсоны дагуу газрын тосны үнийн өсөлтийг хязгаарлах хамтарсан арга хэмжээ авсан юм.

Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Их Британи улсууд мөн нөөцөөсөө газрын тос гаргахаар болжээ.

Өнгөрсөн Баасан гарагийн байдлаар АНУ-ын стратегийн нөөцөд 604.5 сая баррель газрын тос байсныг албаны тоо баримт харуулж байна.

Талархлын баяр, Зул сарын баяр ойртож буй энэ өдрүүдэд бензин шатахууны үнэ өссөн нь Америкчуудыг бухимдуулж байгаа. Тиймээс сөрөг хүчнийхэн буюу Бүгд Найрамдах намынхан хувийн рэйтингээ хамгаалахын тулд стратегийн нөөцөөс их хэмжээний газрын тос гаргасан хэмээн Байденыг шүүмжилцгээж байна.

 

Эх сурвалж: CNN