Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийнх нь ойролцоо цөмийн цохилт өгөх сургуулилалт хийсэн АНУ-ыг ОХУ шүүмжлэв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр АНУ-ын зэвсэгт хүчний бөмбөгдөгч нисэх онгоцнууд цөмийн цохилт өгөх сургуулилалтыг хилийнх нь ойролцоо хийсэн тухай ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр мэдээлжээ.

Нисэх онгоцнууд хоёр чиглэлээс цохилт өгөх сургуулилалтыг хийж гүйцэтгэхдээ Оросын хилийн шугамд 20 км ойртсон тухай бас мэдээлсэн байна.

Сүүлийн үед хоёр улсын харилцаа хурцдаж, хөрш Украин улсын газар нутаг руу ОХУ-ын цэрэг довтолж магадгүй болсныг АНУ-ын тал анхааруулж байгаа.

Хариуд нь Москвагийн эрх баригчид хилийн ойролцоо өдөөн хатгах ажиллагаагаа эрчимжүүлж буй АНУ, Украиныг шүүмжилж байна.

Тухайлбал АНУ-ын зүгээс Украинд зэвсэг нийлүүлсэн, дорнод Украины салан тусгаарлагчдын эсрэг Туркээс нийлүүлсэн дрон ашигласан, хилийн ойролцоо NATO байлдааны сургуулилалт зохион байгуулж буй зэргийг Оросын тал удаа дараа шүүмжилж байгаа.

ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр хэлэхдээ зөвхөн энэ сард АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцнууд хилийн орчим 30 удаагийн нислэг үйлдсэн тухай дурджээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.5 дахин нэмэгдсэн тоо юм байна.

Цөмийн цохилт өгөх сургуулилалтыг АНУ-ын тал энэ сарын эхээр зохион байгуулсан нь ноцтой өдөөн хатгалга болохыг Шойгу онцолжээ.

АНУ-ын 10 ширхэг стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц баруун, зүүн хоёр чиглэлээс Орос улсын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх “Global Thunder” нэртэй сургуулилалтыг гүйцэтгэсэн тухай Шойгу мэдэгдсэн байна.

Оросын агаарын хүчнийхэн АНУ-ын онгоцнуудын хөдөлгөөнийг хянаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсныг тэр бас хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлд ярихдаа өрнөдийн стратегийн бөмбөгдөгч онгоцнууд Оросын хилийн орчимд “маш аюултай зэвсэг” тээвэрлэн нисэж байгааг шүүмжлээд Москвагийн тогтоосон “улаан шугам”-ыг зөрчихгүй байхыг өрнөдийн орнуудад анхааруулж байв.

 

Эх сурвалж: Reuters