Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батцэцэг: БНХАУ гадаадын бүх улсаас оюутан сурагчдыг хүлээн авахгүй байх шийдвэр хүчинтэй хэвээр байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад улсад суралцаж буй оюутнуудын талаарх болон БНХАУ руу зорчих хүсэлтэй иргэдийн талаар мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өнөөдөр танилцууллаа.

Одоогоор манай улсын 170 гаруй мянган иргэн дэлхийн 90 орчим улсад ажиллаж, амьдарч байна. Тэдний 46 мянга нь оюутан сурагчид байгаа юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас оюутан сурагчид хилээр нэвтэрч, суралцаж буй улсдаа орчих боломжгүй байсан бол одоо нөхцөл байдал хэр байгаа талаар тодрууллаа. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас энэ чиглэлд онцгой анхаарч, дипломат шугамаар яриа хэлэлцээр хийсний үр дүнд ОХУ-д суралцдаг оюутнууд аравдугаар сараас эхлэн тухайн улсад зорчиж, суралцаж байна. Япон, БНСУ урт хугацааны сургалтын визтэй хүмүүсийг саадгүй нэвтрүүлж байна.

Харин БНХАУ-д гадаадын бүх улсаас оюутан сурагчдыг хүлээн авахгүй байх шийдвэр хүчинтэй хэвээр байгаа тул тус улсад суралцдаг оюутнуудыг хилээр нэвтрүүлэх асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа. Манай яамнаас бүх шатанд энэ асуудлыг хэлэлцэж байна.

Оюутнуудаас гадна байнга оршин суух зөвшөөрөлтэй хөдөлмөр эрхэлдэг, эмчлүүлэх шаардлагатай, хятад иргэнтэй гэр бүл болсон хүмүүсийг тус улсад зорчуулах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Одоогоор БНХАУ руу зорчих хүсэлтэй 260 гаруй иргэн Гадаад харилцааны яаманд хандсан, тогтмол холбоотой байна. Тодруулбал,

  • хятад иргэнтэй гэр бүл болсон болон тэдний дундаас төрсөн хүүхэд 129
  • хамтран амьдрагч статустай 32, 
  • хөдөлмөр эрхлэгч 70,
  • эмчлүүлэх шаардлагатай 30 орчим иргэн байна" гэлээ.