Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

ТӨСӨВ: Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд 24 тэрбум төгрөг зарцуулна

Г.Номин, iKon.mn
2021 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гандангийн дэнжийг шинэ аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зураг төсөл, барилгын ажилд 24 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Төсөл 2022-2024 онд хэрэгжих бөгөөд эхний жилд 7 тэрбумын санхүүжилт хийгдэхээр төсөвт тусгагдсан байна. 

Гандан хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгох тогтоолыг Засгийн газраас энэ оны зургаадугаар сард гаргасан бөгөөд тухайн үед хотын дарга Д.Сумъяабазар "Гандан хийдийг автомашингүй бүс болгоход онцгой анхаарах ёстой. Тухайн орчныг уламжлалт хэв маягаа хадгалсан аялал жуулчлалын төв болгоно хэмээн хотын удирдлагууд үзэж байгаа" гэдгийг хэлж байв. 

Түүнчлэн БГД-ийн 16 дугаар хороо буюу Гандан орчимд соёлын өвийг сэргээн засварлахад зориулан 500 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсний 250 сая нь 2022 оны төсөвт багтаад байгаа юм. 

Төслийн талаарх нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын танилцуулгаас харвал, 2015 онд “Гандантэгчэнлин хийд” орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг боловсруулж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан бөгөөд тус төлөвлөлтөөр 55.8 га нутаг дэвсгэрт 1,568 өрхийн 6,740 иргэн оршин суухаар тооцон барилгын давхрын дээд хязгаарыг 5 давхар, барилгын өндрийн дээд хязгаарыг 15 м байхаар төлөвлөсөн байна.

 
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын танилцуулгаас

2012 оноос Монголын зүрхэн шүтээн төсөл, Худалдаа үйлчилгээний гудамж төсөл, Гандантэгчэнлин хийд орчмын төв хаалгыг бүтээн байгуулах төсөл, Түүхэн байшин сууц, хашааг хадгалж хамгаалах төсөл, Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд зонхова” цогцолбор зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг улс, нийслэлийн төсөв хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, иргэдийн хандив тусламжаар хэрэгжүүлэх ажил хийгдэж байгаа аж. 

 
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын танилцуулгаас

Төлөвлөлтийн зургууд: 

 
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын танилцуулгаас
 
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын танилцуулгаас
 
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын танилцуулгаас