• 7 сарын 3, Ням
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бүтээлч Продюсерын Сургалт амжилттай зохиогдов

A.Жаргал
2021 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монголын Кино Институт, IFI production хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн  дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн #Бүтээлч_Продюсерын_Сургалт нь 11 сарын 16-20-ны хооронд амжилттай зохиогдож өндөрлөлөө.

Бүтээлч продюсерын сургалтад нийт 9 продюсерыг сонгон шалгаруулж 5 өдрийн үр дүнтэй хичээлийг IFI продакшны продюсер С.Урангаас гадна Францын продюсер Изабель Глашан нар удирдан орсон юм. Сургалтын явцад мөн Номадиа пикчерсийн продюсер Б.Наранбат, Оранж Энтертайнментийн продюсер Ү.Баяржаргал, Гуру Медиа компанийн продюсер Ц.Ариунаа, найруулагч продюсер Л.Бат-Амгалан нар өөрсдийн туршлагаас хуваалцсан юм.

Сургалтын хүрээнд 11 сарын 20-нд Тэнгис кино театрт зохиосон “Монголын кино урлагт продюсеруудын оруулж буй хувь нэмэр" хэлэлцүүлэг сонирхолтой өрнөлөө. Хэлэлцүүлгийн модератороор Монголын кино институтийн гүйцэтгэх захирал Ш.Ихбаяр ажиллаж, панелистуудаар “Бүтээлч продюсерын сургалт”-ыг удирдсан багш С.Уран, Ц.Ариунаа, Л.Бат-Амгалан нар оролцов.

 
Ш.Ихбаяр
 
Ц.Ариунаа
 
С.Уран
 
Л.Бат-Амгалан

Хэлэлцүүлгийн хүрээнд кино продюсер гэж хэн бэ, тэр дундаа бүтээлч продюсер гэж хэн байх тухай яриа өрнөсөн ба Монгол продюсерууд кино урлагийн салбарыг хэрхэн цааш нь авч явахад чухал үүрэгтэй болох талаар хэлэлцэв. Үзэгчдийн зүгээс мөн асуултууд тавьж тэр болгонд хэлэлцүүлгийн панелистууд оновчтой, өгөөжтэй хариултууд өгч байснаас гадна зарим үзэгчид ч бас санал бодлоо илэрхийлэв.

 
 
 

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогч нарт батламж гардуулсан ба сургалтын зүгээс Синеплас ХХК-ийн гэрэлтүүлгийн багцын түрээсийн 4,500,000 төгрөгийн эрхээр сургалтын бүх оролцогч нарыг шагнав. Оролцогч нар хамтран богино кино хийхэд нь мөн Гуру Медиа ХХК-ийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг продюсер Ц.Ариунаа мэдэгдсэн нь баяртай мэдээ болов.