Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганчимэг: МОНЦАМЭ агентлагт ажиллаж байсан гэрэл зурагчдынхаа бүтээлээр ном гаргана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын анхны мэдээллийн агентлаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна.

Түүхт энэхүү ойн хүрээнд хийж хэрэгжүүлж буй олон ажлын нэг нь өнөөдөр болсон "Монголд үндэсний мэлээллийн агентлаг үүсэж хөгжсөн нь: Дэлхийн мэдээллийн агентлагуудын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурал юм.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж, МОНЦАМЭ агентлагийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг үг хэллээ. 

Тэрбээр "МОНЦАМЭ агентлаг 1921 оны хавар Монгол Улс тусгаар тогтнох уу, харийн дарангуйлалд үлдэх үү гэсэн асуулт бүхий улс төрийн ширүүн гал дунд анхны мэдээгээ цацаж, үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Энэ бол Ардын журамт цэргүүд Хиагтыг чөлөөлж, анхны ялалтаа тунхагласан 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр байв.

Энэ онд манай агентлагийн 100 жилийн ой тохиож байна. Дэлхий нийтийг КОВИД-19 өвчний цар тахал нэрвэсэн, олон нийтийн хөл хөдөлгөөн хумьсан, улс орнууд хил гаалиа хаасан хүнд хэцүү цаг үе таарлаа. Хэдийгээр бид ийм цаг үед ажиллаж байгаа ч МОНЦАМЭ агентлагаараа овоглож явсан үе үеийн 150 гаруй сэтгүүлч, орчуулагч, тоймчийнхоо бүтээлүүдийг шигшиж, "Монгол Улсын дуу хоолой" нэртэй хоёр боть дээр ажиллан, хэвлэлээ. Энэ бол архивыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан явдал гэж үзэж байна. Мөн МОНЦАМЭ агентлагт ажиллаж байсан гэрэл зурагчдынхаа бүтээлээр ном гаргахаар ажиллаж байгаа" гэсэн юм.

Эрдэм шинжилгээний хуралд

  • "Монголд үндэсний мэдээллийн агентлаг үүсэж хөгжсөн нь ба өнөөгийн МОНЦАМЭ",
  • "Монголын сэтгүүл зүйд МОНЦАМЭ агентлагийн оруулсан хувь нэмэр"
  • "Хураангуй сэтгүүл" ба "Блюллетень МОНТА" сонины анхны дугаарын нийтлэлд хийсэн ажиглалт шинжилгээ зэрэг илтгэлийг судлаачид танилцуулж, хэлэлцүүллээ.