Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Нямжаргал: Манай улсад шим тэжээлийн асуудал анхаарах шаардлагатай түвшинд байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэдэх, Хөдөө аж ахуйн Статистикийн Ази, Номхон Далайн орнуудын Хорооны 29 дэх удаагийн хуралдаан арваннэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. 

Тоон мэдээлэл яагаад чухал болох, хүнсний үйлдвэрлэл, шим тэжээлийн асуудлаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргалтай ярилцлаа.

-Хурлын ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?

-Зөв өгөгдөл, тоон мэдээлэл цуглуулж, анализ хийгээд зөв шийдвэр гаргахад хөдөө аж ахуйн статистик чухал байна гэдгийг хэлмээр байна. Хүнс, Хөдөө аж ахуйн статистикийн хувьд APCAS-ын чуулганаар Хөдөө аж ахуйн тооллого, судалгааны нэгдсэн системийг хөгжүүлэх шинэ арга барил, хиймэл дагуулын мэдээлэл зэрэг технологид суурилсан мэдээллийн эх сурвалжийг ашиглах талаар авч үзэх болно. Эдгээр мэдээллийн шинэ эх сурвалжууд нь COVID-19-ийн хязгаарлалтыг дагаж мөрдөхийн зэрэгцээ илүү сайн статистик мэдээг цаг тухайд нь зардал багатай гаргах арга замыг бий болгодог.

Цар тахлын нөхцөл байдал хөдөө аж ахуйн статистик ямар чухал вэ, өгөгдөл мэдээллийг цуглуулах нь ямар хэцүү вэ гэдгийг харууллаа. Статистикт IT-ийн салбарын ололтыг хэрхэн нэвтрүүлэх талаар улс орнуудын статистикч нар ярилцаж, арга замаа тодорхойлно. 

-НҮБ-ын ХХААБ, Үндэсний статистикийн хороотой хэрхэн хамтарч ажиллаж байна вэ? Цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын гишүүнээр 1973 онд элссэн. Үүнээс хойш тодорхой хэмжээгээр бүх ажлуудад оролцож байна. Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх ажилд статистикийн байгууллага гол үүрэгтэй ажилладаг. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага өлсгөлөнг зогсоох, ядуурлыг устгах талаарх тогтвортой хөгжлийн нэг, хоёрдугаар зорилгыг хэрэгжүүлэхэд хариуцлага хүлээдэг. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахад статистикийн байгууллагатай хамтын ажиллагаа өргөжүүлж байна.

Тухайлбал, сүүлийн жилүүдэд ҮСХ-той хамтран хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг гаргахаар ажиллаж байна. Хүнсний аюулгүй байдал гэдэг нь хангамж, хүртээмж, хэрэглээний байдлыг гурван тулгуур асуудлыг хэлдэг.

Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байгууллага хамтарч ажиллах хэрэгтэй

-Манай улсын хэчнээн иргэн хэрэгцээт шим тэжээлээ авч чадахгүй байгаа талаар сүүлийн үеийн судалгаа гарсан уу?

-Хэдийгээр манай улсын хүнсний хангамж тодорхой хэмжээнд хангагдсан байгаа ч хүртээмж, шим тэжээлийн асуудал өрхийн түвшинд ямар байна вэ гэдэг талаар нарийвчилсан судалгаа одоогоор байхгүй. Ялангуяа өрхийн байршил, бүс нутаг, өрхийн орлого, нийгэм эдийн засгийн байдлаас хамааруулж, өрхийн хүнсний хүртээмжийг тооцсон судалгаа, мэдээлэл хомс байна.

Хүнсний хэрэглээ өрхийн түвшинд ямар байгаа судалгааг гаргахаар Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж байна. ҮСХ-ноос хоёр жил тутамд өрхийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг гаргадаг. Энэхүү тоон мэдээлэлд үндэслэн өрхийн түвшинд хүнсний хүртээмж ямар байгаа талаарх зураглалыг гаргах гэж оролдсон. Манай улсын хүн амын шим тэжээлийн өнөөгийн нөхцөл байдлыг анхаарах шаардлагатай байна. 

Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хүн амын дундах хүнс, шим тэжээлийн доройтлыг арилгахад хүнс, шим тэжээлийн аюулгүй байдлын түвшин, нөлөөлөх хүчин зүйлүүд, хүнс, шим тэжээлийн үндсэн тулгуур үзүүлэлтийн түвшин, тэдгээрийн харилцан хамаарал зэргийг мэргэжлийн байгууллагууд нарийвчлан тодорхойлох хэрэгтэй.

Тэдгээрийг төрийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид сайтар ойлгож судлах, нотолгоонд үндэслэн шийдвэр гаргаж хэрэгжүүлэх нь чухал. Хүнсний хангамж, аюулгүй байдал нь зөвхөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хариуцах асуудал биш. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй.

-Яагаад тоон мэдээлэл чухал вэ гэдэг талаар тайлбарлахгүй юу?

-Аливаа шийдвэрийг бодит мэдээлэлд тулгуурлаж гаргах ёстой. Жишээлбэл, хот, хөдөөгийн хүмүүсийн хүнсний хэрэглээний байдал ялгаатай байгаа учир авч буй шим тэжээл нь өөр гэдгийг тоон мэдээллээс харж болно. Насны ангилал, хүйсээс шалтгаалж эрэгтэй, эмэгтэй хүмүүс өдөрт ямар хэмжээний хоол хүнсийг хэр ихээр хэрэглэж байна вэ гэдгийг мөн л тоон мэдээллээс харах боломжтой.

Тоон мэдээлэлд үндэслэж, бодит байдлыг харна. Ингээд нөхцөл байдлаас шалтгаалж, ямар арга хэмжээ авах, юуг яаж сайжруулах вэ гэдэг шийдвэрийг гаргахад тоон мэдээлэл чухал юм.