Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Алагдсан сэтгүүлчийн сүйт бүсгүй Саудын Арабд болох тоглолтоо цуцлахыг Жастин Биберт уриалав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ирэх сарын 5-ны өдөр Саудын Арабын эрх баригчид өөрийн нутагт болох Formula One уралдаанд зориулсан томоохон урлагийн тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Улаан тэнгисийн эргийн Жидда хотод болох уг тоглолтод Канадын поп од Жастин Бибер, рэппер A$AP Rocky, DJ Дэвид Гетта болон Тиесто, дуучин Жэсон Деруло зэрэг алдартнууд оролцох юм.

Тэгвэл Саудын Арабын засгийн газрын илгээсэн алуурчдын гарт амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггийн сүйт бүсгүй Хатис Чэнгиз тоглолтоо цуцлахыг Жастин Биберт уриалж, нээлттэй захидал бичсэн байна.

“Шүүмжлэгчдээ алж устгадаг харгис дэглэмийн нэр хүндийг сэргээхэд авьяас чадвараа ашиглуулахгүй байх нь дэлхий дахинд өгөх чухал дохио болно” гэж тэр захидалдаа бичжээ.

 
Хатис Чэнгиз

Саудын эрх баригчдыг хүчтэй шүүмжилдэг байсан сэтгүүлч Жамал Хашогги 2018 оны аравдугаар сард Турк улсын Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт очоод буцаж гарч ирээгүй юм.

Түүний амийг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммедын илгээсэн 15 хүнтэй алуурчдын баг хөнөөж, цогцсыг нь ор мөргүй устгасан гэдэг. Хашогги тухайн үед сүйт бүсгүй Чэнгизтэйгээ гэрлэхэд шаардлагатай бичиг баримтыг хөөцөлдөхөөр консулын газарт очсон байдаг. Аллагын төлөвлөгөөг хунтайж Мухаммед өөрийн гараар баталсан гэж АНУ-ын тагнуулын алба дүгнэж байжээ.

“Жиддагийн тоглолтод оролцох урилгыг хунтайж өөрөө илгээсэн гэдгийг ойлгоорой. Саудын Арабд түүний зөвшөөрөлгүй ямар ч арга хэмжээ болдоггүй. Ийм чухал тоглолтод хэн оролцохыг тэр шийдсэн нь гарцаагүй” гэж Чэнгиз захидалдаа бичсэн байна.

Хашшогийн аллагаас хойш хунтайж Мухаммед нэр төрөө сэргээх зорилгоор олон улсын томоохон арга хэмжээнүүдийг Саудын Арабд зохион байгуулж байгаа.

Өмнө нь тус улсад болох урлагийн тоглолтод оролцохгүй байхыг хүний эрхийн байгууллагууд өрнөдийн одуудад бас уриалж байсан юм. Тухайлбал Америкийн поп од Мэрай Кэри уг уриалгыг үл тоон тоглолтоо хийж байжээ. 2019 онд рэппер Никки Минаж уриалгын дагуу Жидда хотод болох тоглолтод оролцох төлөвлөгөөгөө цуцалж байв.

Тэрбээр Саудын Арабын эмэгтэйчүүдийн эрх, бэлгийн цөөнхийн эрх, үг хэлэх эрх чөлөөг хамгаалах үүднээс төлөвлөгөөгөө цуцалснаа тайлбарлаж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press