Дэлхийн томоохон эдийн засгууд инфляцын сүүлийн статистик үзүүлэлтүүдээ танилцууллаа. Цар тахлын улмаас бий болсон нийлүүлэлтийн сүлжээний саатал, вакцинжуулалт эрчимжин эдийн засгууд нээгдсэнээр эргэн сэргэж буй эрэлт зэрэг хүчин зүйлээс хамаарч олон улсад үнэ өсөх хандлагатай байна.
Их Британид инфляц төв банкны нь зорилт болох 2 хувиас 2 дахин өндөр буюу 4.2% буюу сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрснийг статистикийн байгууллага нь зарлалаа. Тээвэр, зочид буудал, өрхийн хэрэглээний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнэ бүгд өсөлттэй байжээ. Үнэ ийнхүү өсөхөд хөл хориог сулруулж, эдийн засгаа эргэн нээснээс үүдэж эрэлт өссөн, нөгөө талаас нийлүүлэлтийн гинжин хэлхээний саатал үүссэн нь голлон нөлөөлсөн байна.
АНУ-ын инфляц 10-р сард 6.2% хүрсэн нь сүүлийн 30 жилийн хамгийн өндөр түвшин болжээ. Тус улсын төв банк инфляцыг урт хугацаанд 2% орчимд тогтворжуулахыг зорьдог.
Үнийн өсөлтийг бараа бүтээгдэхүүнээр нь задлаад харвал түлшний газрын тосны үнэ сүүлийн сард л гэхэд 12.3%, жилийн дүнгээр 60% орчим өсөөд байна. Эрчим хүчний бүтээгдэхүүнүүдийн үнэ дунджаар өмнөх оны мөн үеэсээ 30% өссөн нь хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байгаа юм. Үүнээс гадна тус улсад хуучин автомашин болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өсжээ. Тухайлбал мах, загас, өндөг зэрэг бүтээгдэхүүний үнэ дунджаар 12% өсөөд байна.
Сүүлийн 20 гаруй жилд үнийн түвшний бууралт буюу дефляц асуудал болсоор ирсэн Японд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ сүүлийн 2 сар дараалан өсөөд байна.
Тухайлбал, үнийн хэлбэлзэл ихтэй зарим хүнсийг хассан суурь инфляц 10-р сард 0.1% байв. Бараа бүтээгдэхүүнээр нь задалж харвал эрчим хүчний үнэ жилийн өмнөхөөс 11.3%, шатахууны үнэ жилийн өмнөхөөс 21.4% өссөн нь 2008 оноос хойш буюу сүүлийн 13 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс буюу үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн болон худалдсан бараа, үйлчилгээний үнэ нь өнгөрсөн сард 13.5% хүрлээ. Энэ нь сүүлийн 26 жилийн дээд түвшин болсон байна. Харин хэрэглээний үнийн индекс нь 1.5% өссөн бөгөөд бараа бүтээгдэхүүнээр нь задалбал хүнсний ногоо 16%, шатахуун, дизель түлшний үнэ 30% өсжээ.