Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Батзаяа: Компаниуд үйл ажиллагаагаа дүгнэж оновчтой шийдвэр гаргахад их тоон өгөгдлийн сан ашиглах ёстой

ikon.mn
2021 оны 11 сарын 24
Сурталчилгаа

Тогтвортой өсөлт бий болгож, өрсөлдөөнөөс ялгарахыг зорьж буй бүх л компани зах зээлийн хөгжлийн жамаар технологийн дэвшил нэвтрүүлэх шаардлагатай болоод байна. Үүний төлөө том, жижиг гэлтгүй бүгд л дижитал шилжилт хийж өөрт болон зах зээлд тулгарч буй асуудлаа шийдэхээр шинэ программ хөгжүүлэх эсвэл үйл ажиллагаагаа хөнгөвчлөх ERP, CRM, SCM-д зориулсан гаднын системүүдийг нэвтрүүлж байна.

Харин тэгвэл дотоодын компаниудын шийдэх ёстой дараагийн чухал асуудал нь “Их тоон өгөгдлийн сан” бүрдүүлэн удирдах хэмээн Монгол дахь анхны бизнес өгөгдлийн платформыг хөгжүүлж буй Софтвер Консалтинг Сервис ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батзаяа онцолж байна. Түүнтэй бид их тоон өгөгдлийн хэрэглээ болон бизнес өгөгдлийн платформын тухай ярилцсан юм. 

 

- Юуны өмнө танай компанийн тухай ярилцъя. Ямар баг бүрэлдэхүүнтэйгээр, ямар үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаа явуулж байна вэ?

Манай компани 2017 оноос софтвер консалтинг буюу байгууллагуудын онцлогт тохирсон бүх төрлийн программ хөгжүүлэлтийн үйлчилгээ үзүүлж байна. Энэ хугацаанд гадаад, дотоодын 20 орчим төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Харин 2020 оноос өөрсдийн бие даасан бүтээгдэхүүн болох “Бизнес өгөгдлийн платформ”-ыг  хөгжүүлэн өгөгдөлтэй холбоотой олон асуудлыг цогцоор нь шийдэхээр ажиллаж байна. Багийн гишүүдийн хувьд чиглэл чиглэлдээ 5-10 жилийн туршлагатай залуус бий.

- Өгөгдөлд чиглэсэн систем хөгжүүлэхээр болсон шалтгаан юу байв? Бизнесийн өгөгдлийн платформ нь хэрхэн ажилладаг вэ? 

Орчин үед бүх л компани ямар нэг байдлаар технологийн шилжилт хийж программ хангамж ашиглаж байна. Үүний цаана асар их тоон өгөгдөл цугларч байгаа бөгөөд компаниуд уг өгөгдлөө үр ашигтай ашиглаж чадахгүй байгааг бид анзаарсан юм. Сүүлийн арваад жил олон улсад компаниуд өөрсдийн өгөгдлийг бүрдүүлж түүндээ дүн шинжилгээ хийж үр дүнг нь бизнес стратегидаа олон хэлбэрээр ашиглаад эхэлчихсэн үр шимийг нь хүртээд явж байна. Өөрөөр хэлбэл компани өөрийн үйл ажиллагааны явцад үүсэж буй бүх өгөгдлөө нэгтгэж түүнд суурилсан анализыг хийдэг болсон гэсэн үг юм. Ингэснээр өдөр тутамд гардаг бизнесийн шийдвэрүүд оновчтой, үр ашигтай, мөн хэрэгжих боломжтой болж ирдэг. Энэ туршлага Монголын зах зээлд дутагдаж байна. Тиймээс бид бизнес өгөгдлийн платформ хөгжүүлж эхэлсэн. Уг платформд 252 BI tool, ETL tool, Data automation гэсэн гурван дэд систем багтаж байгаа. Платформын ажиллагаа нь бүх төрлийн өгөгдлийг нэгтгэж сан бүрдүүлэх, боловсруулалт хийх, дүрслэн харуулах гэсэн үндсэн 3 үе шаттай процессыг нэгтгэж автоматжуулж байгаа юм.

- Дотоодын компаниуд өгөгдлийн сан бүрдүүлэн удирдахад тулгарч буй гол асуудлыг юу гэж тодорхойлох вэ?

Технологийн шилжилт хийж байгаа компани маш олон төрлийн программ ашигладаг. Одоо цагт ямар ч программ хангамж ашиглахгүйгээр үйл ажиллагаагаа явуулж буй компани ховор байх. Жишээ нь ERP, CRM, кассын программ, хүний нөөцийн программ, агуулахын менежментийн программ гэх мэт олон программ бий. Ер нь компаниуд нэг болон түүнээс дээш программ ашиглаад эхлэхэд өгөгдлөө нэгтгэх тал дээр асуудал үүсэж эхэлдэг. Мөн өгөгдөл дээр анализ хийх, боловсруулах нь зардал өндөртэй, цаг хугацаа шаардсан ажил байдаг. Энэ чиглэлд ажиллах боловсон хүчин ч дутагдалд орчихсон байгаа.

“Зах зээлээ тодорхойлох, үйл ажиллагаагаа дүгнэж оновчтой шийдвэр гаргахад их тоон өгөгдлийн сан бүрдүүлж өгөгдлөө удирдах нь хамгийн чухал”

- Өгөгдөлтэй холбоотой асуудлаа шийдвэрлэснээр компаниудад үүсэх давуу тал юу байх вэ?

Ямар хэмжээний өгөгдлийг, ямар аргаар боловсруулж байгаагаас хамаарч үүсэх үнэ цэнэ, давуу тал ялгаатай яригдана. Өөрөөр хэлбэр тухайн компани ямар хугацааны, хэр хэмжээний өргөн цар хүрээтэй өгөгдлийг хэдэн төрлөөр боловсруулж байгаа вэ гэдэг чухал. Мэдээж олон талын өгөгдлийг урт хугацаанд олон аргачлалаар боловсруулж бий болгосон үр дүнгүүд гэдэг тухайн бизнест маш чухалд тооцогдоно. Дээр нь автоматжуулалт орж ирснээр алба хэлтсүүдийн уялдаа холбоо сайжирч мэдээллийн урсгал нэг болж, боловсруулалт, тооцоолол хийх үйл ажиллагаа хурдан шуурхай, ухаалаг болж, компанийн бодлого үр дүнтэй, зорилтот бүлэгтээ хүрдэг болох ба шийдвэр өргөн хүрээг хамарч, оновчтой болно. Урт хугацаанд нь харвал өөр, өөр багц төсөл хөтөлбөрүүдийн өгөгдлүүдийг холбон уялдуулах, шинжилгээ, судалгааны ажлуудын хамрах хүрээг өргөжүүлэх боломж бий болно. Ер нь мэдээлэлтэй, мэдлэгтэй хүн ямагт бусдаас түрүүнд алхалдаг шүү дээ, үүний нэгэн адилаар өгөгдлийн сангаа бүрдүүлсэн, сайн менежменттэй компани ирээдүйд бусдыгаа өнгөлөх болно. 

 

- Та бүхний хөгжүүлж буй платформ гаднын программ хангамжуудаас ямар давуу талтай байж чадах вэ?

Гаднын программ хангамжуудыг ашиглахад нэгт өндөр зардалтай хоёрт олон чиглэлд зориулан бүтээсэн байдгаас шалтгаалаад үр ашиггүй олон функцтэй ашиглахад хүндрэлтэй байдаг. Ер нь ямар нэг программ хөгжүүлэхэд эцсийн хэрэглэгч ашиглаж чадаж байна уу, асуудлыг нь хэр хялбараар шийдвэрлэж байна вэ гэдэг асуулт их чухал байдаг. Бидний хувьд дотооддоо хөгжүүлж байгаа учир тухайн байгууллагын онцлог, бизнес модельд тааруулан илүү хэрэгцээтэй функцүүдийг нэмж хөгжүүлэх боломжтой мөн байнгын дэмжлэг үзүүлэх боломжтой ба өртөг зардлын хувьд хямд, ашиглахад хялбар гэдгээрээ давуу талтай юм. Үүнээс гадна бид дотоод болон ОУ-ын клауд серверүүдийг ашиглан өгөгдлөө хадгалахыг санал болгодог тул мэдээллийн аюулгүй байдлыг найдвартай хангаж хэрэглэгч дэлхийн хаанаас ч систем рүү нэвтрээд өөрийн компанийн үйл ажиллагааг хянах боломжийг бүрдүүлсэн.

- Big Data буюу Их тоон өгөгдлийн асуудал зөвхөн бизнесийн байгууллага гэлтгүй бусад салбарт ч үүсэж байж болох юм. Танай системийг бусад салбарт ашиглах боломж бий юу?

Өгөгдлийн асуудал бүх л салбарт тодорхой хэмжээнд бий.Манай системийн хувьд ямар ч программтай интеграц хийж өгөгдөл хүлээн авч, боловсруулах боломжтой учир олон салбарт ашиглаж болно. Бид одоогоор хөрөнгийн зах зээл, криптовалюттай холбоотой их тоон өгөгдлийн сан бүрдүүлэх хамтын төсөл хэрэгжүүлэхээр судалж байна. Магадгүй салбарынхаа өгөгдөлтэй холбоотой асуудлыг шийдэх сонирхолтой байгууллага байвал бидэнтэй холбогдож болох юм.

- Дотоодын программ хангамжийн компаниуд тогтвортой үйл ажиллагаа явуулж системээ бүрэн хөгжүүлж чаддаггүй гэсэн шүүмж байдаг. Танай компани тогтвортой байдал, алсын хараагаа хэрхэн харж байна вэ?

Тогтвортойгоор системээ тасралтгүй хөгжүүлж чадахгүй байгаа асуудал бол мэдээж маш эмзэг асуудал. Ямар нэгэн бүтээгдэхүүн, систем тогтвортой тасралтгүй хөгжүүлэн, сайжирч явахын тулд компани өөрөө тогтвортой үйл ажиллагаатай байх ёстой. Олон шалтгааны улмаас компаниуд тогтвортой байх боломжгүй байдалд орж байгаа байх. Бидний хувьд 2017 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа компани бөгөөд 252 Business Data Platform-ийн хүрээнд системээ тасралтгүй хөгжүүлж авч явах олон жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Манай бүтээгдэхүүнд сар болгон доод тал нь нэг шинэ функц нэмэгдэж орох байдлаар хөгжих болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.