Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Түгжрэлийг шийдэх Засгийн газрын шийдлийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

ikon.mn
2021 оны 11 сарын 22
iKon.MN

Улаанбаатар хотын өмнө тулгамдаад буй хамгийн том асуудал нь түгжрэл гэдэгтэй хотын иргэн бүр санал нэгдэнэ. Сүүлийн 20-н жил Улаанбаатар хот түгжрэлээ шийдэхээр олон тэрбум төгрөг зарцуулж зам гүүр барин, уулзвар гарцыг өргөтгөж, тэмдэг тэмдэглэгээ, камерын хяналтыг нэвтрүүлж, нийтийн тээврийг шинэчлэхээр ажиллаж буй боловч оргил ачааллынхаа цагаар автомашины дундаж хурд 8 км/ц-т хүртлээ дорд оржээ.

 
Гэрэл зургийн эх сурвалж АмЧам Монгол

Иймээс ч Засгийн газар болон Нийслэл хотын захиргаа сүүлийн саруудад түгжрэлийг бууруулах төлөвлөгөөгөө идэвхтэй ярилцах боллоо. Энд яригдаж буй шийдлүүдээс иргэдэд хамгийн хүлээлттэй байгаа, хэрхэн шийдвэр гарах нь ойлгомжгүй байгаа зүйл бол баруун хүрдтэй автомашиныг хориглох тухай юм.

Тэгвэл Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс олон улсад түгжрэлийг шийдэхийн тулд автомашины тоог хэрхэн хязгаарлаж, амжилттай үр дүнд хүрсэн бодит кейсүүдэд судалгаа хийсний үндсэн дээр энэхүү шийдлийг хэрхэн хэрэгжүүлэх нь иргэдэд болон Улаанбаатар хотод ашигтай байх тал дээр дараах саналуудыг дэвшүүлж байна. Үүнд:  

  1. Баруун жолооны хүрдтэй автомашины бүртгэлийг Нийслэл хотод зогсоох: 2023 оны 1 дүгээр сарын 1-с хойш Улаанбаатар хотод баруун жолооны хүрдтэй автомашинд шинэ дугаар олгохгүй байх.
  2. Баруун жолооны хүрдтэй автомашины хөдөлгөөнийг зогсоох: 2028 оны 1 дүгээр сарын 1-с эхлэн баруун жолооны хүрдтэй автомашинаар хөдөлгөөнд оролцохыг хориглох.
  3. Автомашины онцгой татварыг нэмэгдүүлэх: 2022 оны 6 сарын 30-с хойш ачигдсан 7-с дээш жилийн насжилттай бүх төрлийн автомашины  онцгой татварын хөнгөлөлтийг цуцалж, одоо байгаа татварыг 2-3 дахин нэмэгдүүлэх. Үр дүнд импортоор орж ирэх автомашины насжилт 6 жил рүү 2 жилийн дотор бүрэн шилжиж, экологийн шаардлагад нийцэх хөдөлгүүртэй, аюулгүйн стандарт хангасан автомашинаар парк бүрдэнэ.
  4. 0-2000 сс хөдөлгүүртэй автомашиныг дэмжих: Баруун жолооны хүрдтэй, насжилт өндөр автомашины импорт хязгаарлагдсанаар иргэдийн хувьд орлуулах автомашин шаардлагатай болно. Олон улсын жишгийн дагуу бага хөдөлгүүрийн багтаамжтай шинэ болон шинэвтэр   0-2000 сс хөдөлгүүртэй зүүн жолооны хүрдтэй автомашиныг онцгой татвар болон гаалийн татвараас чөлөөлөх. Ингэснээр иргэдийн дийлэнх нь хэрэглэдэг Япон автомашиныг зүүн жолооны хүрдний байрлалтайгаар нь импортлоход үнийн хувьд дарамт болохгүй байх нөхцөл бүрдэх юм.

Дээрх хугацааны үе шаттайгаар, урьдчилан зарлаж бизнес эрхлэгчид, иргэдэд зөв ойлголт өгч бүх хүнд шилжилт хийх боломжийг олгосноор автомашины зөв зохистой парк бүрдэж, түгжрэл төдийгүй зам тээврийн ослын тоо буурч, автомашинаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг үр дагаврууд буурах боломжтой болно.

 

 

Эх сурвалж: АмЧам Монгол

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.