Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл хот 60 нэр төрлийн барилга байгууламж, 140 тээврийн хэрэгсэл зэрэг 205.3 тэрбум төгрөгийн өмч бүртгэн авчээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, Төсвийн хороо өнөөдөр хуралдлаа.

Хурлаар Монгол Улсын Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор төсвийн шинэ харилцааны талаар болон нийслэлийн халамжийн салбарын зохион байгуулалт, санхүүгийн нөхцөл байдлын мэдээлэл сонссон юм.

Мөн нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлахаар батлагдсан эд хөрөнгийн өнөөгийн ажлын явц болон нийслэлийн өмчөөс хасагдсан, шилжүүлсэн, нийслэлийн өмчид бүртгэсэн эд хөрөнгө, барилга байгууламжийн тайлантай танилцаж, хэлэлцлээ.

Нийслэл хот энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 205.3 тэрбум төгрөгийн өмч бүртгэн авчээ. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 60 нэр төрлийн барилга байгууламж, 140 ширхэг тээврийн хэрэгсэл бүртгэн авсан байна.

Харин 22.5 тэрбум төгрөгийн барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, бусад эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчөөс хасаж, 8.29 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлжээ.

Хурлын төгсгөлд Хурлын Эдийн засаг, Төсвийн хорооны дарга, Тэргүүлэгч М.Халиунбат “Эдийн засаг, Төсвийн хорооны 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд хийгдэж дуусаж байна. Хорооны 2022 оны ажлын төлөвлөгөөнд нийслэлийн өмчийн харилцаа, өмчийн ашиглалттай холбоотой ажлуудыг тусгах саналтай байна” гэв. Мөн хорооны гишүүдэд 2022 онд хийгдэх төлөвлөгөөт ажлуудад саналаа өгөхийг сануулав.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ