Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани өөрөө засварлах эрхийг хэрэглэгчдэдээ өгч эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Apple компани өөрийнх нь бүтээгдэхүүнийг засварлах эрхийг хэрэглэгчдэдээ өгөх болсноо өчигдөр зарлажээ.

2022 оны эхнээс АНУ-ын хэрэглэгчид өөрийн эзэмшиж буй сүүлийн үеийн iPhone-ий батарей, дэлгэц, камер зэргийг шинээр солих эрхтэй болох гэнэ.

Apple-ийн дэлгүүрүүдэд засвар, сэлбэгийн зориулалтаар 200 гаруй эд анги, багажийг борлуулж эхлэх ажээ.

Тус компани олон жилийн турш өөрийн бараа бүтээгдэхүүнийг зөвхөн өөрийн зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан засварлах, сэлбэх үйл ажиллагааг явуулж байсан юм. Энгийн хэрэглэгч ийм ажлыг гүйцэтгэх нь аюул эрсдэлтэй гэж үздэг байв. Сүүлийн үед зарим хэрэглэгчид уг эрхийг өөртөө авахаар тэмцэл хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн нь ийнхүү үр дүнд хүрч байна. АНУ-ын зарим мужууд хэрэглэгчийн засварлах эрхийг хуулиар баталгаажуулах асуудлыг ч хөндөж эхэлсэн юм.

“Self Service Repair” хөтөлбөр нь мэдлэг, туршлагатай хувь хүмүүст электроник төхөөрөмжүүдийг засах, сэлбэх эрх олгох зорилготойг Apple компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

Гэхдээ ихэнх хэрэглэгчдийн хувьд Apple-ийн лицензтэй мэргэжлийн газраар үйлчлүүлэх нь эрсдэл багатай сонголт болохыг давхар сануулсан байна.

Хүмүүст электроник тоног төхөөрөмжийг хэрхэн засах талаар мэдээлэл түгээдэг iFixit сайт Apple-ийн шийдвэрийг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлжээ. Ингэхдээ тэд “ийм өдөр ирнэ гэж төсөөлж байсангүй” хэмээн гайхан бичсэн байна.

Эх сурвалж: BBC