Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дахинд жил бүр 10 нярай тутмын нэг нь дутуу төрж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Уг өдөрт зориулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах мэдээллийг бэлтгэснийг хүргэе.

Жирэмсний 37 долоо хоногоос өмнө хугацаанд төрлөг явагдахыг дутуу төрөлт гэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор жирэмсний тээлтийн 22 долоо хоногтойгоос дээш хугацаанд ураг 500 граммаас дээш жинтэй төрвөл төрөлтөд тооцдог хэдий ч улс орон бүхэн өөрийн орны хөгжлийн онцлог байдлаас шалтгаалан жирэмсний хугацааны доод хязгаарыг харилцан адилгүй тооцдог.

Жил бүр 15 сая нярай буюу 10 нярай тутмын нэг нь жирэмсний тээлтийн 37 долоо хоногтойгоос өмнө хугацаанд эхээс мэндэлж байгаа юм.

Нярай дутуу төрж, эндэх нь тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болдог.Амьдарсан дутуу нярай хараа, мэдрэл, сонсголын хөгжлийн бэрхшээлтэй болох, тархи, уушгины өвчлөл удаан хугацаагаар үргэлжлэх тохиолдол элбэг байдаг.

Дутуу төрөлтийн шалтгаан, хүчин зүйлс:

1. Хүн ам зүйн эрсдэл:

  • Эхийн нас 17-оос бага, 40-өөс дээш байх
  • Амьжиргааны түвшин доогуур

2. Жирэмслэхээс өмнөх эрсдэл

  • Эхийн архаг өвчин (Цусны даралт ихсэх, чихрийн шижин)
  • Өмнө зулбасан эсвэл дутуу төрж байсан зэрэг эх барихын ужиг дурдатгал
  • Умайн хүзүүний дутмагшил

3. Тухайн жирэмслэлттэй холбоотой үүсэж болох эрсдэлүүд

  • Ихэр жирэмсэн
  • Манас таталтын урьдал, манас таталт
  • Халдвар (TORCH халдвар, шээс бэлгийн замын халдвар)
  • Ихэс түрүүлэх, ихэс ховхрох
  • Ураг орчмын шингэн их эсвэл бага
  • Ураг орчмын шингэн эрт гарах
  • Ургийн гаж хөгжил
  • Үр шилжүүлэн суулгах

4. Хүрээлэн буй орчин, зан үйлтэй холбоотой хүчин зүйлс

  • Эхийн хоол тэжээлийн дутал
  • Эцэг, эхийн хорт зуршил
  • Хорт бодисын үйлчилгээ
  • Стресс
 

 

Эх сурвалж: ЭХЭМҮТ